Алиев: Карабахын дайныг зогсооход бэлэн

img

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Армени "эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрээс" цэргээ гаргавал Уулын Карабах дахь дайныг зогсооход бэлэн хэмээн мэдэгджээ.

 

"Дайн хурдан дуусах тусмаа сайн. Арменийн Ерөнхий сайд үлдсэн нутаг дэвсгэрийг чөлөөлөх үүрэг хүлээвэл бид өнөөдөр ч дайныг зогсооход бэлэн гэж нэг бус удаа хэлсэн, одоо ч үүнийгээ давтан хэлж байна. Одоогоор тэр ямар нэг үүрэг хариуцлагыг өөр дээрээ аваагүй байна" хэмээн Алиев  Италийн "La Repubblica" сонинд өгсөн ярилцлагадаа онцожлээ. 

 

Түүнчлэн "НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолууд болон тэдгээрийн үндсэн зарчмуудын дагуу эзлэн түрэмгийлэгдсэн нутаг дэвсгэрүүдийг бүрэн чөлөөлөх ёстой" гэдгийг цолхон тэмдэглэсэн байна. 

 

"Эхний ээлжинд таван бүс нутаг, дараа нь хоёрыг чөлөөлөх ёстой гэж суурь зарчмуудад тусгасан. Бид хэдийнэ дөрвөн бүс нутгийг чөлөөлчихөөд байгаа. Тиймээс Пашинян цэргүүдээ үлдсэн нутаг дэвсгэрүүдээс гаргах ёстой. Гэвч тэр ийм мэдэгдэлл хийгээгүй байна. Энэ нь түүнийг дайн дуусгахыг хүсэхгүй байгааг харуулж байгаа юм" хэмээн Алиев мэдэгджээ.

 

Карабахын хямрал

Армени, Азербайжан ихэвчлэн арменичууд амьдардаг Карабахын нутаг дэвсгэрийн харьяаллаас болж 1988 оноос хойш сөргөлдөж байгаа юм. Тухайн үед Уулын Карабах Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч байгаагаа зарласан. Зэвсэгт сөргөлдөөний явцад  Азербайжан Карабах болон өөр долоон бүс нутгийн хяналтаа алдсан юм.

Ээлжит сөргөлдөөн энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр эхэлсэн бөгөөд гурвантаа гал зогсоох тохиролцоо хийсэн ч талууд энэ горимыг мөрдөлгүй үргэлжлүүлэн дайтсаар байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ