COVID-19: Данид 15 сая булга устгана

img

Булганаас мутацид орсон коронавирус илэрсэн тул Данийн амьтны үржүүлгийн газарт байх бүхий л булгыг устгахаар болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгдсэн байна. 

 

Данийн Ерөнхий сайдын мэдэгдсэнээр, булганаас олдсон мутацид орсон коронавирус хүмүүст тархаж, эсрэг биет үүсэх чадварыг бууруулж байгаа гэнэ. Түүнчлэн мутацид орсон вирус тархаж байгаа нь коронавирусээс сэргийлэх вакцин бүтээхэд ихээхэн саад болно гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлжээ. Одоогийн байдлаар Хойд Ютландад мутацид орсон вирусийн халдвар авсан 12 хүн илэрсэн бөгөөд энэ нь Данийн бусад газруудад төдийгүй дэлхий дахинаа тархаж болзошгүй гэж Фредериксен сэрэмжлүүлжээ.

 

Булганаас мутацид орсон коронавирус илэрч, хүнд халдварласан нь тогтоогдсон тул Данийн амьтны фермүүдэд байгаа 15 сая орчим булгыг устгалд оруулахаар болсон байна. Байгаль хамгаалах байгууллагууд энэ үйл явдлыг "эмгэнэл" хэмээн нэрлэсэн бол амьтны эрх хамгаалагчид Засгийн газартаа хандан энэ мөчийг ашиглан амьтан тамлаж гоёл хийдэг маргаантай салбарыг нэг мөр хаахыг уриалжээ.

 

Дани улс өнгөрсөн сард 60 гаруй фермээс вирус илэрсний дараагаас булга устгалд оруулж эхэлсэн юм. Ийнхүү амьтныг устгалд оруулж байгаатай холбоотойгоор фермийн эздэд тусламж үзүүлнэ гэж эрх баригчид амалжээ. Дани улс булганы арьс үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохьдог. Энэ улсад 1139 булганы ферм байх бөгөөд энд ойролцоогоор 15-17 сая булга байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ