"Алдар Цыденжапов" онгоцны зэвсгийг Япон тэнгист туршив

Япон тэнгист "ОХУ-ын Баатар Алдар Цыденжапов" онгоцны туршилт явагдаж байгаа бөгөөд усан онгоцны зарим зэвсгийг хэдийнэ туршиж дууссан талаар РИА Новости мэдээлсэн байна.
Туршилтын явцад А-190 100 миллиметрийн универсаль хөлөг онгоцны төхөөрөмжөөс тэнгис болон агаарын байг онох туршилтын буудлагуудыг хийсэн талаар Номхон далайн флотын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Одоо "Уран" далавчит пуужингийн эсрэг комплексийг турших ажилд бэлтгэж байгаа аж.
"Алдар Цыденжапов" хөлөг онгоцыг Номхон далайн флотод зориулан Амурын хөлөг онгоцны үйлдвэрт бүтээсэн юм. Энэ онгоц ойрын зайн бүсэд ажиллах, сөргөлдөгч талын хөлөг онгоц болон шумбагч онгоц эсэргүүцэх, тэнгисийн десантад артиллерийн дэмжлэг үзүүлэх зориулалттай юм байна. Хөлөг онгоцны урт 104,5 метр, өргөн нь 13 метр, хурд нь 27 хүртэлх зангилаа гэнэ. Хөлөг онгоцыг 2020 оны эцэс гэхэд Номхон далайн флотын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.
Энд дуулгахад, дээрх хөлөг онгоц нь 19-хөн насандаа бусдын амийг аварч өөрөө амь үрэгдсэн буриад усан цэрэг Алдар Баторович Цыденжаповын нэрээр нэрлэгдсэн юм. Тэрбээр Оросын Номхон далайн флотын усан цэрэг байсан бөгөөд 2010 оны есдүгээр сарын 28-ны өдөр амь үрэгдсэн юм.
2010 оны есдүгээр сарын 24-ний өдөр түүний алба хааж байсан "Быстрый" онгоцны бүх экипажийнхан хөлөг дээр байж, Фокиногоос Камчаткийг зорихоор бэлдэж байх үед хөлгийн машины хэсэгт цахилгааны утасны богино холболт үүссэний улмаас гал гарчээ. Энэ үед зуухны багийн машинистаар ээлжинд гарч байсан Алдар түлш асгарахаас сэргийлэх арга хэмжээг нэн даруй авсан байна. Тэрбээр галын голомтод есөн секунд орчимд байсан бөгөөд шатахуун алдагдахаас сэргийлж чадсаныхаа дараагаар гал түймрээс гарч чадсан ч их хэмжээгээр түлэгдсэн байна. Түүний шуурхай арга хэмжээний ачаар 300 орчим хүн байсан усан онгоц аврагджээ.
Түүнийг Владивосток дахь Номхон далайн флотын эмнэлэгт хүргэж, эмч нар амь насыг нь аврахаар дөрвөн өдөр тэмцсэн ч 2010 оны есдүгээр сарын 28-ны өдөр тэрбээр нас барсан байна. Алдар албаа хааж дуусахад ердөө сарын хугацаа үлдсэн байжээ. Амь насаа үл хайхран усан онгоцон дээр томоохон осол гарахаас сэргийлэн онгоц, 348 хүнийг аварсан түүнд Оросын Холбооны Улсын Баатар цолыг 2010 оны 11 дүгээр сарын зургааны өдөр нэхэн олгожээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ