Дэлхий даяар хамгийн их тархсан зэвсгийг бүтээгч Калашников

img



Калашников бууг, түүнийг бүтээсэн зохион бүтээгч  Михаил Калашниковыг мэдэхгүй хүн ховор. Түүнийг домогт хүн, хүн-автомат, хүн брэнд ч гэж нэрлэдэг. Эх оронд нь түүний овгоор архи, банш нэрлэн худалдаалдаг бол Францад түүний нэртэй шүхэр, цаг, тос ч бий.


“ЗХУ. Михаил Тимофеевич Калашниковд.” Ийм хаягтай захидлыг нэгэнтээ Америкийн философч, зэвсгийн мэргэжилтэн Эдвард Клинтон илгээж байжээ. Яг л “Улаанбаатарт байгаа миний аавд” гэдэг шиг. Гэхдээ Орост Калашников овогтой хэдэн мянган хүн байсан ч захидал эзэндээ очсон гэдэг.

 

Ийн олноо танигдсан, Оросын буудлагын зэвсгийн нэрт зохион бүтээгч Калашников 101 жилийн тэртээх энэ өдөр буюу 1919 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэндэлжээ. 


Эх оронд нь түүний овгоор нэрлэсэн архи, банш  худалдаалдаг бол Францад түүний нэртэй шүхэр, цаг, тос ч бий. Ер нь л “калашников” гэх үг дэлхийн бүх оронд орчуулгагүй ойлгогдоно. Энэ бол дэлхий даяар хамгийн их тархсан зэвсэг юм.


Хорьдугаар зууны гол бүтээлүүдийн жагсаалтыг Францын “Либерасьон” хэвлэл гаргахдаа аспирин болон атомын бөмбөгөөс дээгүүрт Калашниковын автоматыг багтааж байсан удаатай. Мөн Америкийн батлан хамгаалахын мэдээллийн төвийн гаргасан мэдээллээр өнөөдөр дэлхийн 55 оронд 100 сая гаруй АК бууг ашиглаж байгаа бөгөөд зарим орны туг, сүлдэн дээр ч энэ буу мөнхөрсөн нь бий.

 

МИХТИМ автомат

Калашниковын автомат огт өөр нэртэй буюу МИХТИМ гэх нууц нэртэй байжээ. Энэ нэрийг өөрийнхөө нэрээр оролцох боломжгүй, улсын хаалттай тэмцээнд оролцоход нь найзууд нь бодож олсон гэдэг.


Энэ шалгаруулалтанд орж тэнцсэн загварыг хожим нь засч сайжруулан, “7,62 мм калашниковын автомат, 1947 оны загвар” гэсэн нэртэйгээр Зөвлөлтийн армийн зэвсэглэлд нэвтэрсэн бол ахлах дэслэгч М.Т.Калашников 1949 онд Сталины нэгдүгээр зэргийн шагнал хүртжээ.


Тухайн үед энэ шагналыг чамгүй их мөнгө дагалдаж ирсэн талаар Калашников дурсаж байв. “Эхнэр бид хоёр шагналынхаа мөнгөөр худалдаанд гараад удаагүй байсан “Победа” машин авахаар шийдсэн юм. Тухайн үед “Победа” машин 16 мянган рублийн үнэтэй байлаа. Миний шагналын мөнгө 10 машин авахад хүрэлцэхүйц байв” хэмээн ярьж байжээ.


Калашниковын автомат хувьсал


1949 онд Калашников Казахстанаас галт зэвсгийн нийслэл гэгддэг Ижевскийг зорьжээ. Зэвсгийн үйлдвэрт тэрбээр энгийн нэг зохион бүтээгчээс Зөвлөлтийн армийн галт зэвсгийн ерөнхий зохион бүтээгч хүртэлх замыг туулж, домогт хүн болсон гэдэг.


Калашниковын зохион бүтээх товчоо бараг л хагас зууны туршид автоматыг нэг бус удаа шинэчлэн сайжруулжээ. АКМ, РПК гар пулемет, түүний АКМС болон РПКС гэсэн десантын хувилбарууд, ПКТ танкийн пулемет, 5,45 миллиметрийн калибрын сумтай АК -74 шинэ автомат гээд шинэчилсэн хувилбарууд ээлж дараагаар гарч эхлэв.

Орчин үеийн зэвсгийн шинжээчид ойрын жилүүдэд “үнэ-найдвартай чанар-үр ашигтай байдал” гэдгийн нийлбэрээр калашниковыг гүйцэх нэг ч автомат зэвсэг гарч ирэхгүй гэж үнэлдэг.


“Калашниковын автоматыг гүйцэх зэвсэг 2025 он хүртэл гарч ирэхгүй” гэж Америкийн судлаач Изелл өгүүлсэн нь бий. Түүний үзэж байгаагаар Калашниковын автоматаар 5,56 мм-ын “НАТО-ийн сум”-аар төдийгүй Зөвлөлтийн загварын 7,62 мм сумаар ч буудах боломжтой гэдгээрээ гол давуу талтай гэнэ.


Чухамхүү энэ “хосолмол стандарт” Калашниковтой өрсөлдөх буу гарч ирэх боломжийг хязгаарлаж байгаа гэж мэргэжилтнүүд үздэг. Зэвсгийн салбарын шинжээчдийн тооцоолсноор, 1949 оноос хойш дэлхийн даяар 100 сая орчим калашниковын автомат тархжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ