COVID-19: Орост нас баралтын дээд үзүүлэлт бүртгэгдсэн ч халдварын өсөлт саарав

Орост лхагва гарагийн байдлаар хоногт коронавирусийн халдварын улмаас 432 хүн нас баржээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ бүс нутгуудын шарил хадгалах газрууд дүүрч, нөхцөл байдал хүндэрч байгаа аж.
Нас баралтын дээд үзүүлэлт
Орост лхагва гарагийн байдлаар коронавирусийн халдвартай 432 хүн нас барсан талаар Оросын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. Энэ нь коронавирус тархсанаас хойших нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт юм. Өмнө нь, 11 дүгээр сарын дөрөвний өдөр хамгийн дээд үзүүлэлт бүртгэгдсэн бөгөөд тухайн үед 389 хүн нэг хоногт нас баржээ.
Хэдийгээр нас баралт нэмэгдсэн ч хоногт илрэх халдварын тоо мэдэгдэхүйц саарчээ. Лхагва гарагийн байдлаар Орост хоногт 19 851 халдвар шинээр илэрсэн юм. Үүнээс өмнө 20 977, түүний өмнөх өдөр 21 798 халдвар шинээр илэрч, дээд үзүүлэлтэд тооцогдож байв.
Орост шинээр илрэх халдварын тоо есдүгээр сард таван мянгаас нэмэгдэж, өсөлт 10 дугаар сард үргэлилсээр 11 дүгээр сарын зургааны өдөр 20 мянгын босгыг давсан юм. Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойш Орост коронавирусийн халдварын тоо 1,8 саяг давж, 31.5 мянган хүн нас баран, 1.3 сая хүн эдгэрчээ.
Өмнө нь Оросын халдвар судлаачид өвчлөлийн өсөлт үргэлжилнэ гэж мэдэгдэж байсан бол Москва хотын дарга Собянин "хэдэн сарын дараа бид цар тахлын оргил үеийг давна гэж итгэлтэй байна" хэмээн мэдэгдэж байв.
Ачаалал нь хэтэрсэн шарил хадгалах газрууд
Тюменийн шарил хадгалах газар коронавирусийн улмаас амралтгүй ажиллах горимд шилжсэн талаар бүс нутгийн шуурхай штабын төлөөлөгч мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ. Түүний өгүүлснээр, цар тахлын улмаас цогцост задлан шинжилгээ хийх тоо эрс өссөн байна. Түүнчлэн ар гэрийнхнийхээ цогцосыг авахаар ирсэн орон нутгийн оршин суугчид урт дараалалд зогсох болсон талаараа өгүүлсэн байна.
Гэхдээ шарил хадгалах газрын ачаалал нь хэтэрсэн асуудалтай тулгарсан цорын ганц газар нь Тюмень биш гэнэ. Саяхан Новосибирскийн Эрүүл мэндийн сайд Константин Хальзов эмнэлгийн шарил хадгалах газрын хонгилд цогцоснуудыг хадгалж байгаа талаарх мэдээлэлд тайлбар өгөхөөс аргагүй болжээ. Түүний өгүүлснээр ар гэрийнхэнд нь цогцосыг хүлээлгэж өгөхөөр түр хугацаанд хонгилд гаргасан гэнэ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Барнаул, Новокузнецк, Самар хотуудын эмнэлэгт коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн цогцос ихээр хуримтлагдаж байгаа гэнэ. Эрх баригчид үүнийг коронавирусээс үүдэлтэй нас баралт өндөр байгаатай төдийгүй ийм онош тавихын тулд задлан шинжилгээ хийх шаардлагатай болдог түүнчлэн ар гэрийнхэн нь өөрсдөө өвдсөн, эсвэл хөл хорионд байгаа тул төрөл төрөгсдийнхөө цогцосыг авахгүй удаж байгаатай холбон тайлбарлажээ.
Ажлын дутагдлыг ярьсан эмч ажлаасаа халагджээ
Нэг өдөрт 13 хүн нас барсан, Ростов-на-Дону хотын эмнэлэгт хүчилтөрөгч тасалдаж байгаа талаар сэтгүүлчдэд ярьсан мэдээгүйжүүлэлт, сэхээн амьдруулахын эмч Артур Топоров ажлаасаа халагджээ. Энэ талаар тус хотын хэвлэл мэдээлсэн байна.
Аравдугаар сарын 12-ны өдөр энэ хотын нэгэн эмнэлэгт коронавирусийн улмаас 13 өвчтөн нас барсан байна. Топоровын үзэж байгаагаар хүчилтөрөгчийн дамжуулалтад асуудал гараагүй бол тэдний тавыг аварч болох байсан гэнэ. Харин орон нутгийн эрх баригчид тасалдал үүсээгүй хэмээн эмчийн мэдэгдлийг үгүйсгэсэн байна. Гэхдээ санамсар болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, мужийн Эрүүл мэндийн сайд Татьяна Быковская болон хотын удирдлагын тэргүүн Надежда Левицкая нарыг ажлаас нь халжээ.
Халагдсан эмч хэвлэлийнхэнд ярихдаа, хүчилтөрөгчийн талаар хэвлэл ярьсных нь дараа эмнэлэг дээр асуудал гараагүй, удирдлагынхаа дарамтаар ажлаас халагдаагүй хэмээсэн байна. Тэрбээр өөрийн хүсэлтээр өргөдөл бичсэн хэмээсэн ч "Алин байлаа ч бүх хүн бүгдийг ойлгож байгаа гэж би бодож байна" хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ