АЙДАС ҮГҮЙ: Инээд дархлаа дэмжиж, бие сайжруулдагийн шалтгаанууд

Дэлхий дахиныг хамарсан цар тахал манай улсыг ч тойрсонгүй. Энэ үед элдэв хуурамч мэдээлэлд итгэж, сэтгэл санаагаар уналгүй харин инээж, дархлаагаа дэмжихийг уриалсан постууд олон нийтийн сүлжээгээр дүүрэн. Инээд үнэхээр дархлааг дэмжиж, биеийн байдалд сайнаар нөлөөлдөг. Үүнийг сэтгэлзүйчид болон эрдэмтэд хэрхэн тайлбарласныг товчлон хүргэж байна.
Инэд дархлааг дэмждэг гэж сэтгэл судлаачид үздэг. Түүнчлэн эерэг сэтгэл хөдлөл ханиад томууны өвчлөлтэй тэмцэхэд тусалдаг гэж Москвагийн сэтгэлзүйн тусламжийн албаны мэргэжилтэн Екатерина Игонина өгүүлжээ. Түүний өгүүлснээр байнга инээдэг хүмүүс хурдан эдгэрэхийн дээр инээд стрессийг хөнгөхөн давахад тусалдаг аж.
"Инээх үед илүү гүнзгий амьсгалдаг, бид ихэвчлэн өнгөц амьсгалдаг юм. Хүн хөхөрч эхлэхэд уушгинд агаар ихээр орж, үүнийг дагаад нүүрсхүчлийн хий их ордог. Энэ нь цусны эргэлтийг дэмжин, артерын даралтыг тогтворжуулж, дархлааг дэмждэг юм. Байнга инээдэг хүмүүс бусдаас хурдан эдгэрдэг" хэмээн Игонина өгүүлжээ.
Инээмсэглэл ямар үр ашигтай вэ?
Эндорфин
Эндорфинүүдийг аз жаргал, сэтгэл ханамжийн гормон гэж нэрлэдэг. Энэ гормонууд амьдралыг хөгжилтэй, баяр баясгалантай болгож, бидний сэтгэл санааг өргөдөг юм. Эндорфин хангалттай хэмжээгээр ялгарсан үед түгшүүрийн мэдрэмж арилж, стрессийн түвшин буурч, өвчин намдаж, цусны даралт тогтворжих бөгөөд ой санамжийн явц түргэсдэг байна. Эндорфинүүд депресстэй тэмцэхэд тусалж, архаг ядаргааг арилагадаг аж.
Эдгээр эндорфинүүд инээмсэглэх үед ялгардаг бөгөөд заавал чин сэтгэлээсээ ч инээх шаардлагагүй гэнэ. Тархи таныг үнэхээр чин сэтгэлээсээ инээж байна уу эсвэл хуурамч инээсэн үү гэдгийг ялгадаггүй, гагцхүү нүүрний булчингийн агшилтад хариу үзүүлдэг аж.
Бид энэхүү химийн нэгдлүүдийг чөлөөлөх дохиог тархиндаа өгсөнөөр аз жаргалтай, өөдрөг нэгэн болох нь.
Өвчин намдаах нөлөө
Инээмсэглэл өвчин намдаах нөлөөтэй гэдэг нь өнөөх л эндорфинүүдээс улбаатай. Ямар нэг зүйл мөргөсөн, хөлөөрөө цохьчихсон бол инээмсэглэх гээд үз, хүчтэй өвдөлт буурч байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Стрессийн түвшин буурна
Бид аль болох их инээж, инээмсэглэх тусам стрессийн гормон болох кортизолын түвшин багасдаг. Таны ажил байнгын стресстэй байдаг эсвэл амьдралд тань хүндрэлтэй үе тохиосон бол заавал инээмсэглэж, өдөр бүр инээж байгаарай. Дээр өгүүлсэнчлэн, тархи жинхэнэ, хуурамчийг ялгахгүй учир хүчээр инээгээд үз.
Бие организмд үзүүлэх нөлөө
Биднийг инээх үед уушги тэлж, булчингууд сулардаг. Инээх үедээ бид амьсгалын дасгал хийж байна л гэсэн үг. Уушги хүчилтөрөгчөөр дүүрч, зүрх ойр ойрхон цохилон, цусны эргэлт сайжирдаг. Ингээд л бие организмыг "цэнэглэчих" нь тэр.
Тайвшрал
Тайвшрахыг хүсч байна уу? Зүгээр л инээмсэглэ. Харин энэ тохиолдолд өнөөх хуурамч биш жинхэнэ, чин сэтгэлээсээ инээмсэглэх хэрэгтэй болно. Инээдмийн кино үзэж, хөгжилтэй түүх уншин, хошин мемүүд үз. Инээд таагүй сэтгэл хөдлөлөөс салахад тусалдаг. Эерэг сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлэхээс бүү ич.
Нүүрний арьсыг арчилна
Инээснээс болоод эрт үрчлээтнэ гэж эмээгээд хүйтэн царай гаргаад явдаг эмэгтэйчүүдтэй та таарч байсан байж магадгүй юм. Үнэндээ инээмсэглэх, инээх нь нүүрэнд жинхэнэ массаж болж өгдөг байна. Нүүрний булчингуудад цус шахагдан, булчингууд чангардаг аж. Мөн цусны эргэлт сайжирснаар арьс илүү эрүүл, залуу харагддаг юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ