Олон саяар нь булга устгахаар шийдэж байсан Дани дэгдээхий устгана

Өмнө нь коронавирусийн улмаас олон сая булга устгаж байсан Дани улс энэ удаад өөр нэг өвчнөөс сэргийлэхээр дэгдээхий олноор нь устгахаар болжээ.
Тодруулбал, Данийн шувууны ферм дээр H5N8 шувууны ханиад дэгдсэнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчид 25 мянган дэгдээхийг устгах шийдвэр гаргасан талаар тус улсын Мал эмнэлэг, хүнснийн бүтээгдэхүүний газар мэдэгдсэн байна.
Тус байгууллагын мэдээлснээр, 11 дүгээр сарын 16-ны даваа гарагт тестийн хариу авсан бөгөөд одоогоор энэ улс гурван сарын хугацаагаар шувууны мах, өндөг экспортлохоо зогсоожээ. Мөн одоогоор шувууны ханиад хүнд халдварласан тохиолдол гараагүйг онцолсон байна. Данид шувууны ханиад гарахаас өмнө Нидерланд болон Германд энэ халдвар бүртгэгджээ.
Ийнхүү олон мянган дэгдээхий устгахаар болсон Дани улс өмнө нь коронавирусийн улмаас 15 сая гаруй булга устгалд оруулахаар шийдэж байлаа. Тодруулбал, 11 дүгээр сарын дөрөвний өдөр Данийн Ерөнхий сайд амьтан үржүүлгийн газарт коронавирус гарсантай холбоотой мэдэгдэл хийхдээ коронавирус амьтдын дунд тархахдаа мутацид орсон, хүнд халдварлаж болзошгүй тул булга устгах ёстой хэмээн онцолж байв.
Дани улсад булга үржүүлгийн салбар ихээхэн хөгжсөн. Тус улсад 17 сая гаруй булга үржүүлгийн газарт байдаг гэсэн судалгаа бий. Данийн Мал эмнэлэг, хүнсний удирдлагын газрын мэдээлснээр 207 ферм дээр коронавирус илэрсэн бөгөөд 67 булга халдварын улмаас үхжээ.
Улмаар бүх булгыг устгах шийдвэр гаргасан ч энэ нь үржүүлгийн газар болон энгийн иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хүйсийн тэгш эрх, хүнс, загас агнуурын асуудал эрхэлсэн сайд Могенс Йенсен 11 дүгээр сарын 10-ны өдөр телевизийн сувгаар мэдэгдэл хийхдээ булга устгах, тэр дундаа эрүүл булгыг устгахыг үржүүлгийн газрын эздээс шаардах хангалттай хууль ёсны эрх засгийн газарт байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Үүний дараа, 11 дүгээр сарын 12-ны өдөр Данийн эрх баригчид амьтны фермүүд дээр байх булгыг олноор нь устгахын оронд амьтдыг аврах арга хэмжээ авч байгаа гэсэн мэдээлэл гарч байв.
COVID-19: Данид 15 сая булга устгана
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ