Амазоныг үндэслэгч Дэлхийн ирээдүйд зориулж 10 тэрбум ам.доллар хандивлав

Цахим худалдааны салбар дахь дэлхийн тэргүүлэгч компани болох Амазоныг үндэслэгч Жефф Безос дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудалд анхаарлаа хандуулан ажилладаг 16 байгууллагад "Безосын дэлхийн сан"-ийнхаа анхны тэтгэлгүүдийг өгчээ. Тэрбээр тэтгэлэг олгоход зориулан 10 тэрбум ам.долларыг сангийнхаа данс руу илгээсэн талаараа Инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Безосын өгүүлснээр, эхний 16 байгууллага 2020 оны хоёрдугаар сард байгуулагдсан "Безосын дэлхийн сан"-аас тэтгэлэг авчээ. "Инноваци шингэсэн, цаг үеэ олсон шийдлүүд дээр ажилладаг 16 байгууллага "Безосын дэлхийн сан"-аас тэтгэлэг авсан гэдгийг зарлахад таатай байна" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Амазоныг үндэслэгч Жефф Безосын өгүүлснээр, 10 тэрбум ам.доллар шилжүүлсэн нь манай гарагийн ирээдүйг хамгаалдаг эрдэмтэн, идэвхтэн, төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлэх зөвхөн эхлэл гэнэ.
Энд дуулгахад, 2020 оны хоёрдугаар сард Безос сан байгуулсан талаараа мэдэгдэхдээ өөрийн хөрөнгөөс 10 тэрбум ам.долларыг шилжүүлнэ хэмээн онцолж байлаа. Цаг уурын өөрчлөлт манай гарагт нүүрлэх хамгийн том аюул заналхийлэл гэж Безос үздэг юм.
Энэ оны долдугаар сард Безосын эхнэр Маккензи Скот нөхрөөсөө салсныхаа дараа дэлхийн хамгийн баян эмэгтэй гэсэн статустай болсны дээр дээрх санд 1.7 тэрбум ам.доллар хандивлаж байв. Энэ хөрөнгийг 116 байгууллагад хуваарилсан байна. Тухайлбал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэхэд 586 сая ам.доллар, эдийн засгийн хүртээмжтэй байдлыг дэмждэг байгууллагуудад 400 сая орчим, хүйсийн тэгш эрхийг дэмждэг төрийн бус байгууллагуудад 133 сая ам.долларын тусламж үзүүлжэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ