Пенсильванийн шүүх Трампын нэхэмжлэлийг хүлээж авсангүй

Филадельфид санал хураах хэсгүүд дээр санал тоолох явцыг ажиглах хянах боломж ажиглагчдад бага байсан гэж Трамп мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Дональд Трамдын штаб Пенсильванийн дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус шүүх энэ заргыг хүлээн авсангүй. Энэ талаар Пенсильванийн дээд шүүхийн албан ёсны цахим хуудас дээр мэдээлжээ.
Шүүхийн мэдэгдэлд "ажиглагчид сонгуулийн комисс сонгуулийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгааг хянах боломжтой байсан" хэмээн онцолжээ. Трампын штабын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийн төлөө таван шүүгч санал өгч, харин хоёр нь эсэргүүцсэн байна.
"Сонгуулийн комисс хууль тогтоомж зөрчөгүй, саналын хуудас тоолох болон боловсруулах ажлын үеэр нэр дэвшигчдийн төлөөлөгчдийг байрлах газруудыг тогтоон журмын дагуу ажилласан гэж бид дүгнэлээ." хэмээн шүүхийн тогтоолд өгүүлсэн байна.
АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болж өнгөрсөн бөгөөд энэ сонгуульд ялсан гэж Жозеф Байден зарласан. Харин Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй, сонгогчдын саналыг тоолохтой холбоотой асуудлаар шүүхэд хандана, хууль бус үйлдлүүд олон гарсан хэмээн удаа дараа мэдэгдэж байв. Мөн "Байден булхайгаар л ялсан" гэж мэдэгдэж байлаа.
Энэ сарын 23 хүртэл мужуудын эрх баригчид шуудангаар ирүүлсэн саналын хуудсыг тоолж дуусах ёстой бөгөөд ирэх сарын 12-ноос өмнө муж тус бүрээр санал тооллогын үр дүнг баталгаажуулж, 12 дугаар сарын 14-ний өдөр төлөөлөн сонгогчдын коллегийн гишүүд санал өгөх ёстой аж. Ингээд 2021 оны нэгдүгээр сарын зургааны өдөр Конгрессын хоёр танхимын хамтарсан храл дээр саналын дүнг баталж, нэгдүгээр сарын 20-ны өдөр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ