ВИДЕО: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа нэг хүний зардал найман сая төгрөг

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах Түр хороо хуралдлаа. Шадар сайд Я.Содбаатар:
-Дэлхийн 62 улс орон манай улстай адил дотооддоо хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 672 боллоо. Үүнээс дотоодын халдварын тоо 253 байна. 253 тохиолдлын 54 нь Улаанбаатар хотод байгаа юм. Арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш PCR-ын шинжилгээнд 18 мянган иргэнийг хамрууллаа. Улаанбаатар хотод 111 цэгт шинжилгээ авч байна. Сэлэнгэ аймгийн хувьд гурван газарт коронавирусийн батлагдсан тохиолдол илэрсэн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэнийг шинжилгээнд хамруулах ажил 84 хувьтай явагдаж байна. Сэлэнгэ аймагт нэмэлтээр PCR аппарат суурилуулж ажиллалаа. Дархан-Уул аймагт төмөр зам дагасан 20 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тус аймгийн 21,370 иргэнээс шинжилгээ авлаа. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн 6600 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Өмнөговь аймгийн уурхайнуудад онцгой дэглэм сахиулж, 6,000 гаруй жолоочийг шинжилгээнд хамруулах ажил эхлээд байна. Гашуунсухайт болон Шивээ хүрэн дээр нүүрсний хангамжийн асуудал явж эхэлсэн. Өчигдрөөс нөөцийн махны худалдааг зогсоосон гэлээ. Дараагаар нь гишүүдийн асуултад хариулав.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Гаргасан шийдвэр чинь ойлгомжгүй, иргэдийг бухимдуулж байна. Энэ асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ. Нийслэл, Засгийн газар, УОК гээд шийдвэр өөр өөр гарч байна.
Шадар сайд Я.Содбаатар:
-1.7 сая хүний хөл хориог хязгаарлах тухай шийдвэрийг хумилт хийхдээ өмнөх өдрийн машины ачаалал, хөдөлгөөний ачааллыг харж байгаад гаргасан. Үүнээс өөр гарсан шийдвэр буцсан зүйл байхгүй. Шийдвэр бүр бүх хүнд таалагдах боломжгүй, УОК зайлшгүй авах арга хэмжээг авч байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-12-р сарын 1-нээс хойш хөл хориог яах вэ гэдэг хүлээлт иргэдийн дунд их байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс яах вэ?
ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан:
-Халдвар хэрхэн үргэлжлэхээс 12-р сарын 1-нээс хойш хатуу хөл хориог хэрхэх шийдвэр гарна. Өнөөдрийн байдлаар хөл хорио үргэлжилнэ, зогсоно гэдэг шийдвэр гаргахад эрт байна. Халдвар голомтолсон, нийтийг хамарсан халдвар гарах уу гэдгээс шийдвэр гарна. Халдвар нэмэгдээд байвал хөл хориог зогсоох боломжгүй. 10 мянга гаруй өрхөд амны хаалт тараахаар бүртгэлжүүлж, шинжилгээнд хамруулж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Шуурхай ажиллаж болдоггүй юм уу. Тэр мах, автобусанд чихцэлдэж яваа талаар өнгөрсөн дөрөв дэх өдөр өчнөөн ярьсан. Ийм жонхуу царайтай, үхээнц дорой байхаа боль. Орд иргэдэд асар олон асуудал үүсээд байна. Газар, газар түгжигдсэн хүмүүсийг яах юм. Улсын онцгой комисс судалж үзнэ л гэх юм. 14 хоногийн хугацаа халдвараа хумьж ав гэсэн хугацаа шүү дээ. Тиймээс хоёр горимийн санал байна. Манай түр хороо ажлаа хий. Одоо энэ хүмүүстэй ярихаа болъё. Эдийн засгийн асуудлаар тусдаа яръя. Мөн оношлогоо эмчилгээн дээр чинь маш их эргэлзээ төрж байна.
Шадар сайд Я.Содбаатар:
-Би түгжээд байгаа юм биш. Эрүүл мэндийн байгууллагын шийдвэрийн дагуу ажиллаж байна. Бүх бүртгэлийг хийсэн. Одоо шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн ажиллаж байна. Та энэ зэргийн асуудлыг мэднэ шүү дээ. Бодлогын зөвлөмжийг дагаж байна. Хүмүүсийн зовлон жаргал үнэхээр их байна. Болдог бол өнөөдөр ч гаргачихмаар байна. Гэтэл аймгуудад эрсдэл үүснэ. Улаанбаатарт өчигдөр иргэдээс хоёр тохиолдол гарчихлаа. Хэрвээ гараагүй гурав, дөрөв хоносон бол дараагийн арга хэмжээг авахаар бэлдчихсэн байсан. Дахиад энэ хоёр тохиолдлын ойрын хавьтлыг тогтооно.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Ковидын үеийн хуулийн хэрэгжилт ямар байна вэ? зарим тогтоол журам гараагүй гэж байсан. Нийт өрхийн 40 хувь хүүхэдгүй байна. Хүүхэдгүй өрх ямар дэмжлэг авч байна вэ? Халдвар авсан нэг өрхөд зарцуулж байгаа өртөг 8 сая төгрөг гэж үнэн үү?
Шадар сайд Я.Содбаатар:
-Албан тушаалтны хариуцлагыг чангатгах чиглэлээр ажиллаж байна. Онцгой дэглэмийн үед зарим зөрчил гарч байгаа. Үүнийг зохицуулна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Монгол Улс халамжинд 1.6 их наяд төгрөг зарцуулдаг. Үүний 50 хувь нь хүүхдийн мөнгө. Үүн дотроо цар тахлын үеийн арга хэмжээнд хэрэгжүүлсэн хүүхдийн мөнгийг 100 мянган болгож, өрхөд хүнсний талон олгож байгаа. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ илүү үр дүнтэй. Цар тахлын үед бага орлоготой иргэдийн орлогыг яаж хамгаалах талаар арга хэмжээ хэрэгжүүлсэн.
ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан:
-Ковид-19-ийг оношилдог хоёр аппарат байгаа. Боловсон хүчний хувьд нэлээн сургалт хийгдсэн. Тохиолдол гарсан аймгууд аппаратаа ашиглаад явж байгаа. ХӨСҮТ дээр эмчлэгдэж байгаа нэг хүний зардал 8 сая төгрөг. Энэ нь эмчилгээ, ор хоног, хоол, эмч нарын цалин гээд бүхий л зүйлийг тооцсон байгаа.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ