Ерөнхийлөгчийн хоригтой санал нэгдсэн ч хүлээж авахыг дэмжсэнгүй

img

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 2021 оны улсын төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.

 

Шижир

 

Тэрбээр, “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн.

 

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна.

 

Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна. Иймд Монгол Улсын 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна:

1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,

2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,

3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,

4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа тул Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.” хэмээн танилцуулгадаа дурдав.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. 

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

 

-Ирэх оны улсын төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг энэ удаадаа хүлээж авах боломжгүй. Вакцин авах мөнгө төсөвт тусгаагүй гэсэн байсан. ЭМ-ийн сайдын багцад вакцины мөнгийг тусгасан юм билээ. 

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

 

-Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг дэмжихгүй байгаа. Гэхдээ тэнд дурдсан өдрийн орлогоороо амьдардаг хүмүүсийг анхаарах, аж ахуйн нэгжээ дэмжих дээр санал нэгдэж байгаа. Төсвийн тодотголыг хийнэ. Ингэхдээ урьдчилан  тооцох боломжгүй  нөхцөл үүссэн тохиолдолд тодотгол хийнэ. Бид нөхцөл байдлаа харж, уялдаж арга хэмжээ авах ёстой гэсэн Сангийн сайдын хэлсэнтэй санал нэг байна. Тухайлбал, соёлын төвийн барилгыг царцааж, нийслэлийн төсвийг нэмэх зэргийг дэмжиж байна. Нөхцөл байдлаа тооцох боломж хоёр сарын дараа гарч ирнэ. 

 

Ийнхүү гишүүд Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой санал нэгдсэн ч хүлээж авахыг дэмжсэнгүй. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mon:
Muu luibarchid uursduu bolohoor heden ZUUN TERBUMaar idehdee ogt ergelzelgyi IDCHiheed ard tymnii tuluu bolohoor MAN Bygd. NO igyi. Geed baigaamdaa. 76 bygd dald oroosoi.
2020-12-01
МОНГОЛ ХҮН:
МАН-гарууд ч мангар болж. Одоо өвчнөөр далимдуулж луйвараа үргэлжлүүлэхээр шийдэж
2020-12-01