Нууцлаг төмөр хөшөөнүүд "харийнхны бэлэг" биш
АНУ-ын Юта мужийн цөлд нэгэн нууцлаг төмөр цутгамал хийц гэнэт гарч ирсэн нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Үүсэл гарлыг нь олох гэж хүмүүс янз бүрийн таамаглал дэвшүүлсний дотор "харийнхны бэлэг" гэж үзэх нэгэн ч байв. Гэтэл энэ нь харийнхных биш харин урлаачдын үлдээсэн бэлэг болж таарчээ.
Тодруулбал, The Most Famous Artist хэмээх арт бүлгм цөлөөс илрүүлсэн төмөр цутгамал хөшөөг бүтээн суурилуулсан гэдгээ Инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэд энэхүү цутгамлын талаарх хэвлэлүүдийн мэдээллийн зургийг оруулсны дээр энэ хөшөөг бүтээж буй зураачдын ажлыг харуулсан зургийг нийтэлжээ. Түүнчлэн баталгаа болгон Калифорни дахь Жошуа-Три үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суурилуулсан дөрөв дэх цутгамлыг харуулсан дүрс бичлэг цацсан байна. Эдгээрийг уран бүтээлчид урлагийн бүтээл хэмээн нэрлэсэн бөгөөд урлаг үнэлдэг хүмүүст 45 мянган ам.доллараар худалдахад бэлэн гэж мэдэгджээ.
The Most Famous Artist бүлгэм нь содон, өвөрмөц шийдлүүдээрээ ихээхэн алдартай. Хэдэн жилийн өмнө энэ бүлгэмийн уран бүтээлчид Америкийн кино үйлдвэрлэлийн нэрийн хуудас болсон Hollywood бичгийн нэг хэсгийг брезентээр бүтээн Hollyweed гэсэн үг болгож байжээ. Энэ нь "гэгээн марихуан" гэсэн утгатай үг болох бөгөөд энэ нь Калифорни мужид олсны ургамлыг хуульчлахад үзүүлсэн хариу үйлдэл байсан гэнэ.
Энд дуулгахад, анхны нууцлаг төмөр хөшөөг Юта мужид онгон байгалийн нөөцийн хэлтсийн ажилтнууд илрүүлсэн ч хэд хоногийн дараа хөшөө алга болжээ. Харин дараа нь хэдэн эрчүүд энэ хөшөөг нураасан гэж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь сониуч жуулчид ирж орчныг бохирдуулан, хог тарихаас сэргийлсэнтэй холбоотой гэж тэд өгүүлж байв. Юта мужийн хөшөөнөөс гадна Румын, Калифорнид энэ төрлийн хөшөө байх бөгөөд уран бүтээлчид нийтдээ дөрвөн хөшөөг суурилуулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ