Калифорни муж Зул сарыг хөл хорионд өнгөрүүлнэ

img

Америкийн Өмнөд Калифорни болон Сан-Хоакин хөндийд 12 дугаар сарын зургааны өдрөөс эхлэн хөл хорио тогтоожээ. Ингэснээр эдгээр бүс нутгуудын оршин суугчид Зул сарын баярыг хатуу хөл хорионы нөхцөлд өнгөрөөхөөр болсон байна. Энэ талаар захирагчийн шийдвэрээс авсан эх сурвалжтайгаар Ассошейтед Пресс агентлаг дамжуулжээ. 

 

Хатуу хөл хорионы бүсэд 27 сая орчим хүн хамрагдаж байгаа бөгөөд хөл хорио доод тал нь гурван долоо хоног үргэлжлэх юм байна. Хөл хорио тогтоосноор 12 дугаар сарын зургаанаас 12 дугаар сарын 25-ыг хүртэл дээрх бүс нутгуудад бүхий л баар, музей, гоо сайхны салон, тоглоомын талбай, цэнгэлдэх хүрээлэнгүүд хаажээ. Зоогийн газар болон кафе зөвхөн хүргэлт болон захиалгаа авч явах хүмүүст үйлчлэх бол дэлгүүрүүд хязгаарлагдсан горимоор ажиллаж байна. Харин дунд сургуулиуд хэвийн ажиллаж байгаа аж. 

 

Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор орон нутгийн эмнэлгүүд дэх сул орны тоо эрс буурч, Өмнөд Калифорнид 12.5 хувь, Сан-Хоакин хөндийд 8.6 хувь болж буурсан тул ийнхүү хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр гарсны дараа Өмнөд Калифорнийн оршин суугчид хөл хорионоос өмнө шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдан авах, үсээ засуулахаар дэлгүүр, үсчний газраар олноор үйлчлүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ