АНУ:Батлан хамгаалахын сайдад чөлөөнд гарсан генералын нэрийг дэвшүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан Жо Байден чөлөөндөө гарсан генерал Ллойд Остиныг Батлан хамгаалахын сайдын суудалд нэр дэвшүүлэх болсон талаар NBC агентлаг мэдээллээ.
Ллойд Остин 2013-2016 онуудад Ирак, Афганистан дахь АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалыг удирддаг байжээ. 2016 онд Остин чөлөөндөө гарсан бөгөөд тиймээс Батлан хамгаалахын сайд гэсэн албан тушаал хашихын тулд Конгрессын тусгай зөвшөөрөл шаардлагатай гэнэ. Сенатчид түүнийг дэмжвэл 67 настай Остин Пентагоны тэргүүний албан тушаалд очиж буй анхны өнгөт арьстан болно гэж РИА Новости мэдээлжээ.
Энд дуулгахад, сонгуулийн дүнгээр Байден 306 төлөөлөн сонгогч, Трамп 232 төлөөлөн сонгогчийн санал авсан юм. Одоогоор АНУ-ын долоон мужид Трампын штабын нэхэмжлэлийг авч хэлэлцэх ажил үргэлжилж байна. Сонгуулийн албан ёсны дүн 12 дугаар сарын 14-нд төлөөлөн сонгогчдын санал хураалтын дүнгээр гарах бөгөөд нэгдүгээр сарын зургааны өдөр төлөөлөн сонгогчдын саналын дүнг конгресс баталсны дараа дүн эцэслэгдэх юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ