Энэтхэг: Үл мэдэгдэх өвчнийг усны бохирдолтой холбон тайлбарлав

Энэтхэгийн Андхра-Прадеш мужид үл мэдэгдэх өвчин дэгдсэнтэй холбоотой мэдээллийг тус улсын эрх баригчид тайлбарласан талаар РИА Новости мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Андхра-Прадеш мужийн Баруун Годавари тойргийн байцаагчийн мэдэгдсэнээр өвчлөл дэгдсэн нь коронавирустэй огт холбоогүй гэнэ. Үл мэдэгдэх өвчин дэгдсэн шалтгаан нь ундны усны бохирдол байж болзошгүй гэж эрх баригчид таамаглаж байгаа гэнэ. "Ус хүнд металл, фосфор органик нэгдэл, пестицидээр бохирдсон гэж бид таамаглаж байна" хэмээн тойргийн байцаагч мэдэгджээ. Түүний өгүүлснээр өвчилсөн хүний тоо 800-г давсан бөгөөд нэг хүн нас барсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, эрх баригчид өвчлөлийн шалтгааныг эцэслэн тодруулах, хүн амын дунд үүссэн цочирдлыг арилгахаар ажиллаж байгаа гэнэ. Үл мэдэгдэх өвчнөөр өвдсөн бүхий л хүмүүсийг компьютер томографийн оношилгоонд оруулж, коронавирусийн тест авахад хариу нь сөрөг гарсан байна. Тиймээс өвчлөл коронавирусийн халдвартай огт холбоогүй гэж эрх баригчид үзэж байгаа аж.
Энэтхэгийн Андхра-Прадеш мужийн Элуру хотод үл мэдэгдэх өвчин дэгдсэн талаарх мэдээлэл 12 дугаар сарын зургааны өдөр гарсан юм. Өвчтөнүүдэд толгой эргэх, толгой өвдөх, татах, гэнэт ухаан алдах, амнаас хөөс цахрах, чичрэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байжээ. Тэднээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь сөрөг гарч байсан гэнэ. Тухайн үед орон нутгийн эрх баригчид агаарын бохирдол эсвэл чанаргүй хоол хүнсний улмаас хүмүүс өвдсөн байж болзошгүй гэж таамаглаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ