Германд 2021 оны эхнээс Pfizer вакциныг ашиглана

Америкийн Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран боловсруулсан вакциныг ирэх оны эхнээс ашиглах боломжтой болно. Энэ үеэр тус вакциныг Европын холбооны орнуудад ашиглах шинжээчдийн зөвшөөрөл гарна гэж найдаж байгаагаа Германы канцлер Ангела Меркель илэрхийлжээ.
Гэхдээ зөвхөн энэ вакцинд найдах биш Модерна компанийн вакциныг сонгох хувилбар ч байгаа гэдгийг Меркель онцолсон гэж Deutsche Welle дамжуулсан байна. Түүнчлэн Германы хүн амын ихэнх хэсгийг вакцинжуулалтад хамруулах, тогтвортой үр дүн гарахад олон сарын хугацаа зарцуулагдана гэж цохон тэмдэглэжээ. Германд нэн тэргүүнд эрсдлийн бүлэгт багтсан буюу ахмад настнууд, эмнэлгийн ажилтнууд тарилга хийлгэх юм байна.
Энд дуулгахад, Германд цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн батлагдсан тохиолдол 1.2 саяыг давж, үүнээс 889 мянган хүн эдгэрч, 19 434 хүн нас барсан юм. Хоногт 14 мянга гаруй халдвар илэрч байгаа тул коронавирусийн тархалт өндөртэй бүс нутгуудад Зул сарын баяр хүртэл хязгаарлалтын арга хэмжээг чангатгахыг Ангела Меркель 12 дугаар сарын долооны өдөр уриалсан юм. Үүний дагуу Бавари мужид коронавирусийн дэгдэлтээс сэргийлэх үүднээс хязгаарлалтуудыг чангатгахаар болжээ. Ингээд долоо хоногт 200 гаруй тохиолдол илэрсэн тус мужид лхагва гарагаас эхлэн 21.00 цагаас 05.00 цагийн хооронд хөл хорих цаг тогтоосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ