Pfizer/BioNTech-ийн вакцины туршилтын үеэр 6 хүн нас баржээ

Америкийн Pfizer болон Германы BioNTech компаниудын хамтран боловсруулсан вакциныг турших үеэр туршилтад оролцож байсан сайн дурын зургаан хүн нас барсан талаар The Wall Street Journal АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газраас авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна.
"Тайлант хугацаанд зургаан нас баралт бүртгэгдсэн. Хоёр нь вакцин тариулсан бүлэгт, дөрөв нь плацебогийн бүлэгт хамаарна" гэж дээрх байгууллагын хуралдаанд зориулан бэлтгэсэн баримт бичигт өгүүлсэн байна.
Судасны хатуурал, таргалалттай нэгэн эр вакцин тариулсан бөгөөд тарилгын эхний тунг хийлгэснээс хойш гурав хоногийн дараа нас баржээ. Өөр нэг сайн дурын хүнд хоёр дахь тунг тарьсны дараа 60 хоногийн дараа зүрх нь зогсож, нас барсан байна.
Харин плацебо буюу үр дүн үзүүлэхгүй идэвхгүй нэгдэл тариулсан бүлэгт хоёр хүн зүрхний шигдээс болон цус харвалтын улмаас нас барсан бол өөр хоёр хүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Энд дуулгахад, барууны орнуудаас хамгийн түрүүнд хүн амаа коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад хамруулж эхэлсэн Их Британи дээрх вакциныг ашиглаж байгаа юм. Тус улсад 12 дугаар сарын наймны мягмар гарагаас эхлэн ахмадын асрах байранд амьдардаг хүмүүс, эмнэлгийн болон олон нийтийн албаны ажилтнууд, түүнчлэн 80-аас дээш насныхныг вакцинд хамруулж эхлэсэн. Британи улс Pfizer болон ВioNTech компаниудын хамтран гаргасан вакцины клиник туршилтууд дуусмагц вакцинжуулалтад ашиглахаар энэ тарилгыг баталгаажуулсан анхны орон болсон юм. Улмаар нэн тэргүүнд тарилга хийлгэх эрсдлийн бүлэгт ахмад настан, эмч болон өвчтөнүүдийг асардаг олон нийтийн албаны ажилтнуудыг багтаасан. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй байх бөгөөд хууль ёсоор Их Британид амьдарч буй хүн бүр вакцин хийлгэх боломжтой аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ