Пентагон: Хятад удахгүй цэргийн хүчээрээ АНУ-тай эн зэрэгцэнэ

Хятад хүчирхэг Зэвсэгт хүчин бүрдүүлсэн бөгөөд тус улсын арми энэ хурдаараа явбал тун удахгүй цэргийн хүчин чадлаараа АНУ-тай эн зэрэгцэх гэнэ. Энэ талаар АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга генерал Марк Милли мэдэгджээ.
Ердөө 30 жилийн өмнө АНУ болон Хятадын армиудыг харьцуулах боломжгүй байсан ч энэ хугацаанд БНХАУ-ын эрх баригчид "хүчирхэг эдийн засгийг бүтээж", "зэвсэгт хүчнээ бэхжүүлэхэд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулсан" гэж генерал Марк Милли онцолсон байна.
"Тэд онгоц тээвэрлэгч хөлгийг бүтээж байна, тэдэнд дөрөв дэх болон тав дахь үеийн сөнөөгчид бий. Тэд агаараас эсэргүүцэн хамгаалах нарийн ажиллагаатай системийг боловсруулсан. Товчхондоо бол, тэд өнөөдөр маш хүчирхэг зэвсэгт хүчнийг бүрдүүлсэн" хэмээн Америкийн генерал мэдэгджээ.
Мөн энэ байдал цаашид хэвээр үргэлжилвэл Хятад удахгүй АНУ-тай эн зэрэгцэнэ гээд, "гэхдээ чухамхүү хэзээ гэдгийг би тодорхой хэлэхгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ