БНАСАУ-ын элитүүдийн тансаг хэрэглээг зөөдөг тагнуулчид

Европын хамгийн тансаг нийслэлүүдийн нэг Вена хот дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэг болох Хойд Солонгосын тагнуулуудын үйл ажиллагаа явуулдаг гол газар гэнэ. БНАСАУ-ын тагнуулууд чухамхүү эндээс хууль бусаар үнэт эдлэл, мөнгийг гэррүүгээ илгээдэг аж. Тэдний ажиллагаа хэрхэн явагддаг талаар Блүмберг мэдээлжээ.
Хоригоос зугатах Венийн сүлжээ
Австрийн нийслэл Вена хот руу Ким Жон Ун тагнуулчдаа байнга илгээдэг бөгөөд энэ хот Хойд Солонгосын хаалттай дэглэмийн хувьд хууль бус наймаа, "Европ руу орох хаалга" байсаар уджээ.
Блүмберг агентлаг тагнуулын асуудлаарх мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагаас БНАСАУ-ын дээдсүүд хэрэгцээгээ хангахын тулд Европыг хэрхэн ашигладаг нь харагдана. Австрид БНАСАУ-ын 100 орчим иргэн амьдардаг аж. Мөн энд байх Хойд Солонгосын элчин сайдын яам том бүтэцтэй байсаар иржээ.
Европт хичнээн тагнуул байдаг вэ?
Европт БНАСАУ-ын Улсын аюулгүй байдлын яамны 10 төлөөлөгч суудаг гэнэ. Тагнуулуудын үндсэн ажил болох мэдээлэл цуглуулахаас гадна тэд БНАСАУ-ын Элчин сайдын яам болон дипломатуудыг ажигладаг гэнэ. Түүнчлэн хууль бус наймааг хариуцаж, энэ төрлийн худалдаа хийн, алга болсон хүмүүсийг мөрддөг аж.
Ким Жон Ун болон түүний дүү Ким Ё Жон нар хүүхэд насандаа Швейцарт байсан гэдгийг дэлхий нийт мэднэ. Гэхдээ БНАСАУ Австритай холбоотой гэх мэдээлэл харьцангуй цөөн.
Хятадтай хиллэх хилээ хаасны улмаас БНАСАУ-ын эдийн засаг 20 жилийн доторх хамгийн их хямралыг даван туулж байгаа юм. Хүчтэй хар салхи ээлж дараалан гарсны улмаас хөдөө аж ахуйн талбайнууд сүйтгэгдэн, зарим нь бүрэн сүйджээ. Цорын ганц холбоотон болох Хятадтай хийх худалдаа есдүгээр сард 73 хувиар буурсан байна. 2020 оны туршид худалдааны уналт 80 хувь хүрнэ гэж Солонгосын олон улсын худалдааны холбоо тооцжээ.
Ким Жон Ун улс нь "санаандгүй, гарцаагүй асуудлуудтай нүүр тулсан" гэдгийг наймдугаар сард хүлээн зөвшөөрч байв. Тиймээс эдгээрийг шийдэхэд Австри хэрэгтэй. Чухамхүү энэ улсаар дамжуулан Glock буунууд, Мерседес бензийн машинуудыг зөөвөрлөж байлаа. Одоо тэнд АНУ-ын асуудлаарх Хойд Солонгосын хамгийн шилдэг шинжээчдийн нэг Чхве Кан Ир Элчин сайдаар ажиллаж байгаа юм байна.
Эрх баригч гэр бүлийн гишүүд болон тэдний хүрээллийнхэн Австри руу хууль бусаар бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж явдаг байжээ. НҮБ-ын мэдээлээр Хойд Солонгос "хууль бус орлого олох" зорилгоор элчин сайдын яамдаа ашигладаг гэх бөгөөд эдгээр дипломат төлөөлөгчийн газраар дамжин пуужин, цөмийн хөтөлбөрт шаардлагатай эд зүйлсийг авдаг байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, БНАСАУ хар тамхи, зэвсэг, хуурамч валют, хар ажилчдыг хилийн чанад руу зарж, жилд хэдэн тэрбум доллар олдог гэнэ. Хилийн чанад дахь Хойд Солонгосын дипломатуудын цалин бага тул хууль бус ажиллагаа амь зуух цорын ганц арга болдог аж.
Тэд квотоо биелүүлэхгүй бол хурц шүүмжлэлтэй тулгардаг гэж Блүмберг агентлагт Том Ён Хо ярьжээ. Тэрбээр Их Британид суух БНАСАУ-ын элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд Өмнөд Солонгос руу дүрвэжээ. "Дипломатууд мөнгө олох ёстой, чадахгүй бол асар их дарамт ирнэ" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Дарангуйлагчдад зориулсан худалдан авалт буюу Венад өрнөсөн эртний түүх
Одоогоос 10 жилийн өмнө The Guardian сонин дээр Хойд Солонгосын Ким Чн Рюль гээх хурандаа тансаг хүнс эх оронруугаа илгээхийн тулд 20 жил Австрид дэлгүүр хэсдэг ажилтай байсан тухай өгүүлжээ. Хурандаагийн өгүүлснээр Ким Ир Сен ихээхэн тансаг амьдардаг байсан гэнэ.
"Агуу удирдагч" болон түүний хүү Ким Чен Ир нар үнэтэй машин, хивс, хүний зүрхний цохилтыг мэдэрдэг монитор гээд өндөр өртөгтэй зүйлсэд олон саяыг зарцуулдаг байжээ. Мөн тэдний хээнцэрлэлд алтадсан гар буунууд хүртэл байдаг байж.
Хурандаа Ким Чен Рюль 1994 онд хамгийн сүүлийн удаа явах үеэрээ өөрийгөө нас барсан мэт болгон "жүжиглэжээ". Ингээд Австрид нам гүмхэн амьдарч, Хойд Солонгосын дэглэм нуран унахыг хүлээж байсан гэнэ. БНАСАУ-ын үүсгэн байгуулагчийг хүү нь, дараа нь ач нь залгамжилсны дараа хурандаа өнгөрсөн бүхний талаар олон нийтэд дэлгэхээр шийдсэн бөгөөд "энэ номыг гаргахгүйгээр үхэхийг хүсээгүй" хэмээн ном гаргахаар ярилцсан Австрийн сэтгүүлчдэд ярьсан байна.
Түүний өгүүлснээр, Ким Ир Сен олон арван үнэтэй харштай, тэдгээрийн зарим нь газар дор байх бөгөөд болор гэрлийн бүрхүүл, үнэтэй тавилга, торгон ханын цаастай байсан гэх. Газар доорх зарим харшид нь цөмийн дайны үед ч ажиллах, шүүлтүүр болон ашиглагдах агаар шүүх системүүд суурилуулсан байдаг байжээ. Тэнд Кимийнхний гэр бүл үнэтэй зоог, тэр дундаа Австриас ирсэн тансаг хүнс иддэг байсан бол машины цуглуулгад нь Cadillac, Lincoln, Ford, Mercedes ч багтдаг байсан гэх.
Ким Ир Сен зөвхөн гадаад хоол иддэг байсан бөгөөд тусгайлан гадаадаас хоол хүнс захиалдаг атташетээй байжээ. Ким Ир Сений хоолыг бэлддэг тогоочдыг Австри руу шилдэг тогоочийн сургууль, ресторан руу илгээн, дээд зэргийн жор олж ирэх үүрэг өгдөг байсан бөгөөд Ким Чен Рюль хурандаа тэдний орчуулагчаар ажилладаг байсан гэнэ. Австрийн хоол дэлхий даяар алдартай гэсэн яриа Пхеньянд хүрсэн тул ийнхүү тусгай хүмүүсийг илгээдэг байжээ.
Мэдээж Венад ч хойд солонгосчуудад тусладаг нэгэн байх нь ойлгомжтой. Румыны тусгай албаны тагнуул Вена хотод хуурамч компани удирддаг байсан бөгөөд түүний тусламжтайгаар Кимийнхэн ангийн буу болон Cessna онгоц ч авчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ