Цар тахал: ОХУ-д өвчлөл нэмэгдсэн ч "хуурай хууль" нэвтрүүлэхгүй

Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 72,1 саяыг давж, өвчлөлийн тоогоор АНУ, Энэтхэг, Бразил, Орос, Франц улсууд тэргүүлж байна. Хэдийгээр халдварын тоогоор Орос улс дэлхийд эхний тавд орсон ч тус улсын нийслэл Москва хотод шинэ жилийн баяраар хөл хорих цаг тогтоох шийдвэр гараагүй бол Герман нэгдүгээр сарын эхэн хүртэл хөл хориогоо чангатгаж, харин Итали вакцинжуулалт эхлэхээр болов.
Баярын үеэр Москва "хуурай хууль" нэвтрүүлэхгүй
Оросын шуурхай штабын мэдээлснээр коронавирусийн халдварын тохиолдол өнгөрсөн хоногт 28 мянга гаруйгаар нэмэгдэж, үүнээс хамгийн их нь Москва, Санкт-Петербург хотуудад бүртгэгдсэн байна. Гэлээ ч Оросын нийслэлд шинэ жилийн баярын өдрүүдэд хөл хорих цаг тогтоож, согтууруулах ундаа хязгаарлахгүй гэж хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна.
Хуурай хууль нэвтрүүлэх ямар ч утгагүй гэж Собянин онцлоод "Дэлхий дахинд хуурай хууль тогтоож байсан туршлага арвин бий, гэхдээ энэ бүхэн нь архидалтыг улам дэврээж байсан түүхтэй" хэмээн мэдэгджээ.
Харин тус улсын тэргүүн Путин гэр бүлийнхнийхээ хүрээнд шинэ оныг угтана гэж Дмитрий Песков мэдэгдсэн байна. Путин коронавирусээс эмээж хоргодох байрнаас улс орноо удирдаж байгаа гэх ярианд Песков ямар нэг тайлбар өгөөгүй байна. ВГТРК-ийн нэвтрүүлгээр Путин хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков ярилцлага өгөхдөө "Ерөнхийлөгч Ново-Огаревод амьдарч байгаа, тэндээсээ Кремль рүү ирж, томилолтоор явж байгаа" хэмээжээ. Мөн технологийн шийдлийн ачаар очих шаардлагатай газраа өөрөө цахимаар холбогдож, ажлуудаа явуулж байгаа гэж Песков онцолсон байна.
Путин хүмүүстэй биечлэн уулзах нь ховор байгаа бөгөөд харилцах шаардлагатай бол 5-6 метрийн зайнаас харилцаж байгааг Песков ярьсан байна. Өмнө нь Путины Ново-Огарево дахь ордонд хүмүүс ариутгагч бодис цацдаг хуванцар хонгилоор дамжин орж байгаа гэсэн мэдээлэл гарч байв.
Германд хөл хориог чангатгана
Германд цар тахал дэгдсэнээс хойш халдварын батлагдсан тохиолдол 1,34 саяыг давсан бөгөөд өвчлөл өсч байгаатай холбоотойгоор зул сарын баярын үеэр хөл хориог чангатгахаар болсон байна.
Улмаар нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүдээс бусад дэлгүүрүүд болон үсчин, дунд сургуулиуд 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хаагдахаар болжээ. Мөн шинэ жилийн бүхий л арга хэмжээнүүд цуцлагдсан байна.
Тус улсад зоогийн газар, баар, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх төвүүд 11 дүгээр сараас эхлэн хаалттай байгаа, харин шашны байгууллагууд хүн хоорондын зай баримталсан тохиолдолд үйл ажиллагаа явуулах боломжтой байгаа гэнэ.
Энэ сарын 24-26-ны өдрүүдэд хөл хорионы журмыг бага зэрэг сулруулан, зул сарын баяраар дөрөв хүртэлх ойр дотны хүнээ гэртээ урихыг зөвшөөрөх юм байна. Германы канцлер Ангела Меркелийн мэдэгдснээр, 11 дүгээр сарын хоёрны өдрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хангалтгүй байсны улмаас эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал ирэх болсон тул нэгдүгээр сарын 10-ныг хүртэл шинэ хязгаарлалтууд үйлчлэхээр болжээ.
Италид вакцинжуулалтад зориулж цэцгэн хэлбэрт павильон барина
Италид ирэх сараас эхлэн коронавирусээс сэргийлэх тарилгыг хүн амд хийхэд зориулсан цэцгэн хэлбэртэй тусгай павильонуудыг байгуулж эхлэх юм байна. Оны эхээр ийм 300 павильон байгуулах бол вакцинжуулалтын оргилл үед энэ байгууламжийн тоо 1500 болж нэмэгдэх гэнэ.
Яргуйн дүрстэй эдгээр павильонуудын загварыг архитекторч Стефано Боэри гаргасан байна. Энэ цэцэг хавар ирж буйг бэлгэддэг тул ийнхүү сонгосон гэж тэрбээр ярьжээ. Улмаар Итали дахь вакцинжуулалт "Итали цэцэгстэй хамт сэргэн мандаж байна" гэсэн уриан дор явагдах аж.
Итали улс ирэх сарын дундуур вакцинжуулалтаа эхлэх бөгөөд есдүгээр сар гэхэд италичуудын ихэнхийг вакцинжуулалтад хамруулсан байхаар тооцож байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ