АНУ: Цагаан ордныхон хамгийн түрүүнд вакцинд хамрагдаж магадгүй

img

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа АНУ-д өнөөдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн COVID-19 -өөс сэргийлэх вакцинжуулалт эхлэх юм. 

 

Вакцинд хамрагдах эхний ээлжийн хүмүүс дунд Дональд Трамп, Майк Пенс болон Цагаан ордны бусад ажилтнууд багтаж болзошгүй талаар НТВ мэдээлсэн байна. "Улсын нэн чухал үүрэг гүйцэтгэдэг удирдлагуудад вакциныг нэн тэргүүнд санал болгоно. Тэднийг даваа гарагт вакцинд хамруулах байх" хэмээн АНУ-ын Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. 

 

Америкийн NBC агентлагийн мэдээлснээр, АНУ-ын удирдлагыг вакцинжуулах ажил 10 хоног үргэлжилж магадгүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч коронавирусээр өвдөөд эдгэсэн ч түүнд вакцин санал болгох гэнэ.

 

АНУ-д Америк, Германы хамтарсан BioNTech/Pfizer вакциныг ашиглах бөгөөд 12 дугаар сарын 14-ний өдөр вакцинжуулалтын 145 төвд эхний ээлжийн вакцины тунгуудыг хүргэх юм байна. Вакцины  тээвэрлэлт хэдийнэ эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын 16 гэхэд нийлүүлэлтийн эхний шат дуусах аж. Улмаар 2021 оны хавар-зун гэхэд коронавирусийн цар тахлыг хяналтдаа авах боломжтой гэж вакцин боловсруулагч компани мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ