Армени: Сөрөг хүчнийхэн шаардсан ч Ерөнхий сайд явахгүй

Карабахын сөргөлдөөнд цэг тавьсан хэлэлцээр Арменийн Ерөнхий сайд Никол Пашиняны эрх мэдэлд цэг тавих бололтой. Учир нь өнгөрсөн сард Орос, Армени, Азербайжан гэсэн гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурсныг арменичууд гутамшиг хэмээн үзэж, Ерөнхий сайдаа огцрохыг шаардан жагсаж, эсэргүүцэл илэрхийлсээр байгаа юм.
Гэсэн ч Арменийн Ерөнхий сайд огцрох бодолгүй, гагцхүү ард түмний санал хураалтын дүнгээр л Засгийн газрын тэргүүний суудлаас явна гэж мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаараа даваа гарагт ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ онцолжээ.
"Би энэ статусаасаа гагцхүү ард түмний хүсэл зоригийн найдваратй үр дүн дээр суурилан татгалзана. Ард түмний санал асуулга болохгүй бол би Ерөнхий сайдын үүргээ гүйцэтгэсээр байх болно. Би үүнийг үнэнч шударгаар гүйцэтгэхээ амласан" хэмээн Никол Пашинян мэдэгджээ.
Түүний гэр бүлийнхэн хэдийнэ Арменийг орхин гарсан талаарх мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр гарч байсан. Үүнийг Никол Пашинян үгүйсгэж, "Манай гэр бүлийн бүхий л гишүүд Арменид байгаа, улсаас гараагүй, гарах ч бодолгүй байгаа" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Арменийн 17 сөрөг хүчний нам нэгдэн "Эх орноо аврах хөдөлгөөн" байгуулсан бөгөөд Арменийн сайд нарын танхимыг огцрохыг шаардаж байгаа юм. Өнгөрсөн сарын есний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нарын хамт гарын үсэг зурсан Уулын Карабахд гал бүрэн зогсоох тухай хамтарсан мэдэгдлийг сөрөг хүчнийхэн бууж өгсөн хэрэг хэмээн үзэж байгаа аж.
Түүнчлэн Арменийн эдийн засаг болон нийгмийн асуудлын төлөө Ерөнхий сайдыг сөрөг хүчнийхэн буруутгаж байгаа юм. Улс оронд нь үүссэн нөхцөл байдлын улмаас Арменийн Ерөнхийлөгч ээлжит бус парламентын сонгууль явуулж, түүнээс өмнө Үндэсний зөвшилцлийн засгийн газарт эрх мэдлийг шилжүүлэхийг уриалсан. Ерөнхийлөгчийн уриалгыг хэрэгжүүлэх эсэх талаар одоогоор ямар нэг төлөвлөгөө алга байна.
Арменид гурван өдрийн гашуудал зарлана
Уулын Карабахд байлдааны үеэр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн Армени даяар энэ сарын 19-ний өдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарлах гэж байна. Энэ талаар тус улсын Никол Пашинян мөн л үндэстэндээ хандсан мэдэгдэлдээ өгүүлжээ.
"12 дугаар сарын 19-ний өдөр байлдааны ажиллагаа дууссанаас хойших 40 дэх хоног тохионо. Энэ өдрөөс Арменид гурван өдрийн гашуудал зарлаж, Бүгд Найрамдах улсын талбайгаас Ераблур дурсгалын цогцолбор хүртэл гашуудлын марш алхаж, бусад төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Есдүгээр сарын сүүлээр эхэлж, 11 дүгээр сарын есний өдрийг хүртэл үргэлжилсэн Уулын Карабах дахь байлдааны ажиллагааны үеэр Арменийн тал 3000 орчим цэргийн алба хаагчаа алдсан гэж албан ёсоор зарласан ч сураггүй алга болсон цэргүүдийг хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.
Карабахын сөргөлдөөн
Эргэн сануулахад Армени, Азербайжаны хоорондын газар нутгийн маргаантай Уулын Карабахд есдүгээр сарын сүүлээр олон жиллийн сөргөлдөөний үргэлжлэл дахин эхэлж, энгийн номхон иргэд олноор амь үрэгдсэн юм. Талууд эвлэрэх оролдлого хэдэнтээ хийсэн ч бүтэлгүйтсэн ч 11 дүгээр сарын 10-ы шөнө хийсэн гурван талт хэлэлцэл амжилттай болсон юм.
Оросын зуучлалтайгаар Азербайжан, Армени улс гал зогсоож, олзлогдогсод болон амиа алдагсдын цогцосыг солилцохоор тохиролцсон юм. Түүнчлэн тулааны дүнгээр Кельбажар, Лачинск, Агдамын дүүргүүдийг Армени Азербайжанд шилжүүлэн өгөхөөр болсон. Мөн сөргөлдөөний бүс нутагт Оросын энхийг сахиулагчдыг оруулсан юм.
Азербайжан энэ хэлэлцээрийг Армени бууж өгсөн хэрэг хэмээн нэрлэж, хэлэлцээр Азербайжанд ашигтайгаар эргэсэн хэмээн тус улсын Ерөнхийлөгч мэдэгдэж байв. Харин Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян энх тайвныг авчрах шийдвэр түүнд хүнд байсан ч Карабах алдаж болох байсан газар нутгийг хадгалж үлдсэн хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч Арменийн ард түмэн энэ алхмыг гутамшиг хэмээн үзэж байгаа бөгөөд хэлэлцээрийн дараагаас л Засгийн газрын тэргүүнээ огцрохыг шаардан эсэргүүцэл зохион байгуулж эхэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ