
Ирэх долоо хоногт томилгоо, ажил хүлээн авах, өгөх гээд улстөрийн хүрээнд ажил ихтэй байх нь. Тухайлбал, МАН-ын хувьд хөл хөдөлгөөн ихтэй байж таарах нь. Зургаан гишүүн нь Засгийн газрын сайд болж, нам дотроо ч томилгоо өрнөнө.
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайдад нэр дэвшсэн тул орны хүнийг нь нэн даруй томилох хэрэгтэй гэж үзжээ. Намын гал тогооноос гүйцэтгэх засаглалын гал тогоо руу шилжиж буй түүний хувьд халаагаа хэнд өгөх нь анхаарал татаж байна.
Өнөөдөр хэдийгээр ажлаа хүлээж аваагүй ч МАН-ын дангаар байгуулах Засгийн газрын сайдад нэр дэвшигчид ногоон гэрлээр явах нь тодорхой.
Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий нарийн бичгийн даргын эрэлд гарчээ. Өчигдөр орой Төрийн ордонд яаралтай хуралдаж намынхаа гал тогоог хэнд бариулахаа хэлэлцсэн байна. Ямар боловч гишүүдийн саналаар намын дарга асан УИХ-ын гишүүн С.Баяр, одоогийн нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарыг нэр дэвшүүлэн ярилцсан байна.
Түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвших зарчмаа тодорхой болгох, сонгуулийн үеэр ажиллах намын бүтцийн талаар ярилцахгүй бол цаг хугацаа алдаж байгаа талаар ч ярилцсан байна. Эх сурвалжуудын мэдэлж бйгаар УИХын гишүүн С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын үүрэгт ажлаа өгсөн.
Эмчилгээ хийлгээд ирсэн учир Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг авч сонгуульд намынхаа ерөнхий менежерээр ажиллах хамгийн магадлалтай байгаа гэх. Нөгөө өрсөлдөгч нь болох Я.Содбаатар. Тэрээр намынхаа ажилд ханцуй шамлан оролцохоор төрийн албанаас татгалзаж ирсэн.
Удирдах зөвлөлийн зарим гишүүн шин хүнд үүрэг хүлээлгээд үзэхэд гэмгүй гэж байгаа. Тэгэхээр ирэх долоо хоногт Удирдах зөвлөл УИХ дахь бүлэгтэй хамтран хуралдаж энэ асуудлыг нэг тийш болгоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ