Орон орны сэтгүүлчид: Мэдээлэл авахад хүнд болсон, гэхдээ сэдэв үргэлж байдаг

Цар тахлын улмаас хүмүүс гэртээ хөл хоригдон, ихэнх ажил мэргэжлийнхэн алсын зайнаас ажиллах болсон энэ үед ийнхүү ажиллах нь давуу болон сул талуудыг цөөнгүй агуулж буй. SHUUD.mn редакци олон улсын сэтгүүлчид хөл хорионы нөхцөлд хэрхэн ажиллаж байгаа талаар Итали, Япон, ОХУ, Гүржийн сэтгүүлчидтэй холбогдон улс орных нь нөхцөл байдал ямар байгаа болон тэдний ажиллах хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхлоо.
"ItalyNewsru" цахим хэвлэл. Альберто Бруно: "Амьд харилцааг виртуал орчин орлох болсон"
Тийм ээ, манайд үнэхээр хүнд байсан, одоо ч байдал намжаагүй л байна. Бидний ажлын тухайд гэвэл, хөл хорионы улмаас редакциуд хоосорч, офист зөвхөн нэн шаардлагатай ажлаар зөвшөөрлөөр нэвтрэх болсон.
Редакцийн уур амьсгал, амьд харилцаа, аливаа нэг материалаар хэлэлцэж буцалдаг байсан үе хэдийнэ ард хоцорсон. Амьд харилцааг цахим орчин орлож, сэтгүүлчийн ажлын гал цог унтарчихсан юм шиг л. Энэ бүхэн анхандаа хэцүү л байлаа.
Цар тахал хэвлэлийнхний хувьд ихээхэн сөрөг үр дагавар дагууллаа, олон сэтгүүл, сонинууд цаашид цаасан хэвлэлээр гарахаа больж, цахим горимдоо тэр чигтээ үлдэх эсвэл бүр хаалгаа барих дээрээ тулсан. Засгийн газрын дэмжлэг хангалтгүй байна.
Өнөөдөр бид урьд өмнөхөөс илүү технологоос хамааралтай ажиллаж байна. Азаар цар тахлын үед Италид үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой асуудал гарахгүй байгаа.
ОХУ. "КоммерсантЪ".Нижний Новгород дахь сурвалжлагч Андрей Репин: "Цахим арга хэмжээнүүд шаардлагатай хүмүүстэй уулзах боломжийг багасгасан"
Бусад салбаруудын адилаар манай ажилд ч олон зүйл өөрчлөгдлөө. Хязгаарлалтуудын улмаас олон арга хэмжээ цуцлагдсан. Ингэснээр шинэ нийтлэлүүд бичих сэдвүүдийн тоо ч хумигдсан юм. Цахим хэлбэрээр олон арга хэмжээ зохион байгуулах болсон нь эрх баригчдын төлөөлөлтэй шууд харьцаж, нэмэлт асуулт тавих боломжийг хязгаарласан. Мэдээж тэдний утас байгаа л даа, гэхдээ тэр бүр хариу өгөх нь ховор.
Засгийн газар болон хотын захиргаа цахим хурал зохион байгуулж, ингэхдээ сэтгүүлчдийг оруулдаггүй. Ингэснээр олон шийдвэр хаалттай байдлаар гарч, сэтгүүлч болон мужийн оршин суугчид энэ талаар мэдэх боломжгүй болж байна. Гэхдээ бичих сэдэвгүй, мэдээгүй сууна гэж байхгүй, үргэлж л сэдэв байдаг шүү дээ.
Манай редакци бусдын адилаар хоёр сарын хугацаанд гэрээсээ ажилласан. Зуны дунд үеэс дахиад ажилдаа явцгаасан юм. Харин бусад хэвлэлүүд, мэдээллийн агентлагуудын алсын зайнаас ажиллах журмыг 2021 оны зун хүртэл сунгасан байна билээ.
"Пресс-клуб Содружество" хэвлэлийн Гүрж дэх сурвалжлагч Теймуразова Ирина Эдуардовна: "Цэцэрлэгийн удирдлагууд сар бүр хүүхдүүдэд хүнс тараадаг"
Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Гүржийн Засгийн газар 11 дүгээр сарын 28-наас нэгдүгээр сарын 31 хүртэл хязгаарлалт тавьсан. Одоо манайд нийтийн тээвэр ажиллахгүй, ихэнх компани, фирмүүд хаагдсан байгаа. Бүх дунд болон их дээд сургуулиуд алсын зайн сургалтад шилжсэн.
Хүүхдийн цэцэрлэгүүд ч мөн ажиллахгүй байгаа. Гэхдээ цэцэрлэгүүдийн удирдлагууд сар бүр цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхэд хүнс тараадаг.
Манайд амны хаалт зайлшгүй зүүх журам хэрэгжиж байгаагийн дээр 21.00 цагаас 05:00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоосон. Энэ хугацаанд гэрээсээ гарахыг хориглоно. Гагцхүү түргэн тусламж, стратегийн ач холбогдолтой байгууллагууд л 24 цагаар ажиллаж байгаа. Засгийн газар энэ сарын 24-нөөс нэгдүгээр сарын хоёрны хооронд түр хугацаанд тээврийн хөдөлгөөн болон бүхий л худалдааны объектуудыг нээнэ гэж амласан ч энэ нь тахлын нөхцөл байдлыг улам дордуулна гэж мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.
Сэтгүүлчдийн хувьд Гүржид онцгой хязгаарлалт байхгүй. Урьдын адил л ачаалалтай ажиллаж байна. Гэхдээ редакциудын тал нь гэрээсээ ажилладаг болсон. Хэвлэлийн хурлуудыг цахимаар үзэж, сонсон дараа нь төрөл бүрийн харилцааны аргаар улс төрч, шинжээчдээс байр суурийг нь асууна. Хэвлэлийн хурлуудыг ихэвчлэн телевизийн сувгууд дамжуулна. Зураг авалтын баг амны хаалттай байхын дээр халуунаа шалгуулж ордог. Гүржийн сэтгүүлчид дундаас коронавирус туссан олон хүн бий. Азаар өвчин нь хөнгөн байсан.
Япон.TBS NEWS. Сэтгүүлч Мацүмото Юүри: "Шинжлэх ухаанч мэдээллүүд дээр голчлон анхаарч байна"
Өнөөдрийн байдлаар манай улсад ковид-19 вирусийн тархалт хамгийн дээд хэмжээнд хүрч тархсан буюу өдөрт 3000 ба түүнээс дээш тохиолдол бүртгэгддэг болоод байна. Гэсэн ч бид Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн үзэж, иргэдэд шуурхай үнэн зөв дамжуулах тал дээр хамтран ажиллаж байна.
Бид одоогоор өөрсдийгөө болон бусдыг хамгаалах ухамсрын хүрээнд ярилцлагын зочин болон бусад ажилтан албан хаагчидтайгаа хэт ойртохыг тэвчиж, аль болох бусдын эд зүйлд хүрэхгүй, өөр эд зүйлийг цэвэр ариун байлгах тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн улсад болж буй үйл явдлын бүгдийг биш, шуурхай, чухал гэснийг түүвэрлэн авч мэдээллээ бэлтгэж байгаа бөгөөд өдрийн мэдээний сэдвийг ихэвчлэн ковид-19 вирусийн тухай болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай шинжлэх ухаанч мэдээллүүдийг ахин дахин мэдээлэхэд төвлөрч байна.
Эфирт гарч байгаа нэвтрүүлэгчид мөн хоёр метрийн зайтай сууж, хоорондоо тусгаарлах хаалт тавьсан байгаа нь халдвар тархахаас хамгаалах гэхээсээ илүүтэйгээр олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, зай барих хэвшлийг суулгах гэсэн зорилготой юм.
Энд нэг жижиг өрөөнд долоон хүн сууж байснаас халдвар тараагчаас хамгийн хол буюу хоёр метрээс хол сууж байгаад таван минут хүрэхгүй хугацааны дараа гарч явсан иргэнд зөвхөн ковид-19 халдсаныг тогтоосон. Учир нь агааржуулагчийн урсгал шууд тэр хүн рүү чиглэж байсан бөгөөд бусад иргэнд агааржуулагчийн урсгал маш муу очиж байсан учир халдвар аваагүй гарсан байсныг судалж тогтоосон. Гол нь тэд бүгд өдрийн цайгаа ууж байсан тул маскгүй байсан. Иймд бид өрөөний агааржуулалтыг маш шинжлэх ухаанчаар зохицуулан, жижиг оффистоо бөөндөө сууж ажлаа үргэлжлүүлж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ