Парисын захиргааг хэт олон эмэгтэй удирдлагатай хэмээн торгохоор болжээ

img

Францын нийслэлийн захиргааг хотын захиргаан дахь эмэгтэй удирдах ажилтны тоо хэт их гэсэн шалтгаанаар 90 мянган еврогоор торгохоор болжээ. Энэ талаар Парис хотын дарга Анн Идальго мэдэгджээ.

 

"Удирдах албан тушаалд хэт олноор эмэгтэйчүүдийг томилсныхоо төлөө хот торгууль төлөх ёстой боллоо. Удирдах албан тушаалд 11 эмэгтэй таван эрэгтэй томилогдсон. Энэ нь хэт феминист шийдвэр гэж хяналтын байгууллагууд үзжээ" хэмээн хотын дарга Анн Идальго мэдэгдсэн байна.

 

2018 онд шинэ албан тушаалуудыг хуваарилах үеэр зөрчил гарсан ч саяхан Францын Төрийн албаны яамнаас явуулсан аудитын шалгалтын үеэр илрүүлсэн байна. Тус улсын хуулиар албан тушаалд томилоход эрэгтэй болон эмэгтэй хүний харьцаа 60/40 байх ёстой бөгөөд ижил тэнцүү хуваарилвал сайн гэж заасан байдаг аж.

 

Le Monde сонины мэдээлснээр одоогийн байдлаар Парисын хотын захиргааны дээд албан тушаалтнуудын 47 хувь нь эмэгтэйчүүд байгаа гэнэ. Босго үзүүлэлтийг зөрчсөнийх нь төлөө торгууль ноогдуулсныг хотын дарга шударга бус, хариуцлагагүй шийдвэр хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ