БНХАУ Австралийн нүүрсийг Оросынхоор нөхнө

img

Австрали, Хятадын харилцаа хурцадсаны улмаас БНХАУ нүүрсний гол нийлүүлэгчдийн нэг Австралиас нүүрс авахаас татгалзсан. Харин эндээс үүдэх хоосон орон зайг Оросын нүүрсээр нөхөхөөр төлөвлөжээ. 

 

Тодруулбал, Оросын "Эльгауголь" компани Хятадын Guohang Ocean Shipping хөлөг онгоцны оператортай хамтарсан компани байгуулахаар болжээ. Компанийн хэвлэлийн албаны мээдэлснээр Хятадын тал 12 дугаар сарын 15-ны өдөр зохих хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Ингэснээр Хятад руу нийлүүлэгдэх түлшний хэмжээ нэг сая тонн үзүүлэлтээс 2023 он гэхэд 30 сая тонн болон нэмэгдэх боломжтой болох гэнэ. Цаашлаад нийлүүлэлтийг 50 сая тоннд хүргэхээр зорьж байгаа аж.

 

Энэ үзүүлэлтэд хүрвэл Хятад улс Эльгийн орд газрын хамгийн том хэрэглэгч болох бөгөөд энэ хэмжээний нийлүүлэлт Америк болон Австралийн нүүрсийг бүрэн орлож чадах юм байна. 

 

Хятадын оператор компани хоёр сая тонн эзлэхүүнтэй хөлөг онгоцтой. Үүгээр жилд 40 сая тонн нүүрсийг Хятад руу нийлүүлдэг юм байна. Энэ компани нийлүүлэлтийг зохион байгуулахаас гадна Хятадын зах зээл дээр Оросын нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хариуцах аж

 

Эльгийн орд газар нь Оросын коксжих нүүрсний томоохон орд газарт тооцогддог. Якутын зүүн өмнөд хэсэгт, Байгал-Амурын төмөр замаас 300 км зайд байрладаг. 2011 оны 12 дугаар сарын 31-ний үнэлгээгээр нүүрсний нөөц 2.2 тэрбум гэж гарчээ. Энэ ордод нүүрс олборлолтыг 2014 онд эхэлсэн бөгөөд энэ оны намар нүүрс олборлолтыг сард нэг сая тонн болгон нэмэгдүүлнэ гэж энэ оны намар удирдлагууд нь мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ