Ц.Мөнх-Оргил: Хүнийг хүмүүжүүлэх нь боловсролын байгууллагын гол ажил байх ёстой

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид ... эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.2.1-д “эх оронч үндэсний үзлийг дээдлэх, Монгол Улсын иргэн бүрийг үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх, эх оронч үндэсний үзэл, улс үндэстний ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, уйл ажиллагааны эх үндэс болно” гэсэн үндэсний аюулгүй байдлын үйл ажиллагааны зарчим, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бэх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах зорилтод хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэхээр заасан нь хуулийн төсөл боловсруулах гол үндэслэл болсон гэдгийг онцлов.
Монголчуудыг оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудал үндсэндээ орхигдсон учраас энэ асуудлыг төрийн бодлого болгож бүх шатны сургалтын хөтөлбөрт хуульчлан тусгах нь чухал болоод байна. Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын бага ангийн хүүхдүүдэд нэн түрүүнд хүн байхын ухаан суулгах, цаашлаад бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүнлэг чанар, сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэхэд чиглэсэн хичээлийг оруулах хэрэгтэйг эрдэмтэн мэргэд сануулсаар байна. Энэ үндсэн дээр санаачлан боловсруулсан Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл нь иргэний боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн харилцааг зохицуулах зорилготойг төсөл санаачлагч дурдлаа.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 99 зүйлтэй бөгөөд хувь хүн хүүхэд наснаас эхлээд зан төлөв, ёс зүй, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, төрийн захиргааны бүх шатны байгууллага, нийгмийн үүсгэл санаачлагын нийт байгууллагын хүлээх үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгджээ.
Хууль батлагдсанаар хүүхэд, залуучууд ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшсөнөөр эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь эрс багасна. Хүүхэд, залуучууд ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшин, бага наснаасаа хөдөлмөр эрхлэх арга зүйд суралцсанаар нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, бүтээлчээр хөдөлмөрлөн баялгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Хүн хүнээ хайрлах, хүндэтгэх, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах зан чанар төлөвшиж, бие бялдрын хөгжилтэй, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийн тоо нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас үүсэж буй хохирол багасах, байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон үргүй зардал буурах, иргэдийн нийгмийн хариуцлага сайжрах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг олон үр дагавар гарна гэж төсөл санаачлагчид үзэж буйгаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Үзэл баримтлал, зохицуулах асуудлыг харахаар чухал байна. Нэг л их боловсролтой, мэдлэгтэй, чадвартай хүмүүс байгаад байгаа ч яг цаанаа жудагтай, хүнлэг хүн ховордсон. Гэхдээ үүнийг хуулиар зохицуулах нь хэр зүйтэй вэ. Бид бичигдээгүй хууль, зан заншлаар зохицуулж ирсэн шүү дээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Боловсролын багц хуульд сэтгэл зүрхний боловсрол гэдгийг оруулах боломж байна. Боловсролын оюуны, сэтгэл зүйн, бие бялдрын боловсрол гээд боловсролын алтан гурвалжин гэдэг юм билээ. Бид өнөөдрийг хүртэл гарсан алдаа завхралыг засах боломж бий.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Ерөнхий үзэл баримтлал нь олон жил судлагдаж, олон эрдэмтэд оролцож боловсруулсан тул хүндэтгэж байна. Гэхдээ боловсролын багц хуульдаа тусгаад явбал яасан юм бэ?
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Та салбарын сайдаар ажиллаж байхдаа Монгол ёс хүмүүжлийн хичээлийг хөтөлбөрийн хэмжээнд баталж, мөрдүүлж байгаа. Бид хуулийн төсөлд Боловсролын тухай хуулийн зүйл заалтыг шингээж авсан тул ингэж бодох нь аргагүй. Тиймээс хэлэлцэх эсэхийг нь шийдээд дараа нь боловсролын тухай хуультай зохицуулж болно.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Хүүхдүүдийн ачаалал их байна гээд байгаа үед нэмж хичээл болгож, сурах бичиг болгохгүйгээр одоо байгаа хичээлийн агуулгад оруулах боломж байна гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Агуулгад шингээх боломжтой. Зарчмыг нь бодлогоор боловсруулж, улс орон даяар түгээн дэлгэрүүлэхийг үүрэгжүүлсэн бодлогыг боловсруулж, үндэсний хэмжээний хөтөлбөр бий болгох нь чухал байна. Бидэнд байдаг нэг асуудал нь салбар хоорондын дэмжлэг сул байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч батлахыг дэмжихгүй байна. Боловсрол гэхээр академик боловсролыг ойлгодог. Гэтэл энэ хүмүүнлэг боловсрол чинь боловсролд багтах ёстой. Тиймээс энэ асуудлыг Боловсролын тухай багц хуульд оруулах нь зүйтэй. Одоо хими, физик, математик гээд академик боловсролыг интернэт орчин байхад хаанаас л бол хаанаас сурах боломжтой болсон. Харин хүнийг хүмүүжүүлэх ажил нь боловсролын байгууллагын гол ажил нь байх ёстой гэдгийг Боловсролын тухай хуульдаа ч тусгасан.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 50 нь буюу 79.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ