Чилийн Ерөнхийлөгч өөрийнхөө эсрэг гомдол гарган, торгууль төлжээ

Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера амны хаалт зүүгүйнхээ төлөө 3500 долларын торгууль төлөх шаардлагатай болсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Пиньера өөр нэгэнтэй амны хаалтгүй байгаагаар дүрслэгдсэн гэрэл зураг олон нийтийн сүлжээнд тархсаны дараа Чилийн Ерөнхийлөгч өөрийнхөө эсрэг эрх баригчдад гомдол гаргасан байна. Түүнийг наран шарлагын газраар зугаалж байх үед танихгүй эмэгтэй хүрч ирэн, селфи хийхийг гуйсан бөгөөд энэ үеэр хоёулаа амны хаалт зүүгээгүй гэнэ.
Чили улсад олон нийтийн газарт болон бусадтай харилцах үедээ зайлшгүй амны хаалт зүүх хатуу журам үйлчилж байгаа бөгөөд зөрчсөн хүмүүст их хэмжээний торгууль тэр бүү хэл шоронд хорих шийтгэл ч ноогдуулах аж. Хэдийгээр наран шарлагын газарт амны хаалтгүй зугаалж болох ч хүн хоорондын зай баримтлах ёстой гэнэ. Харин Ерөнхийлөгч үүнийг зөрчсөнөөр их хэмжээний торгууль төлөх болжээ.
Чилийн Ерөнхийлөгч бол эрүүл ахуйн журмыг мөрдөөгүйнхээ төлөө торгууль төлсөн анхны улс төрч биш. Өмнө нь, 11 дүгээр сард Чехийн Ерөнхийлөгч асан Вацлав Клаус амны хаалт буруу зүүсний улмаас шийтгүүлж байв. Вацлав Клаус ам хамраа хаалгүй, эрүүндээ угласан байсан нь ийнхүү торгуулах шалтгаан болжээ. Түүнийг цагдаагийн хэсэгт хүргэн, протокол үйлдэж, улмаар 3000 крон буюу 135 орчим ам.доллараар торгосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ