Я.Содбаатар: Эхний вакциныг гуравдугаар сард авахаар төлөвлөж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Өчигдөр Замын-Үүдийн завхралын талаар ярьсан, өнөөдөр хүмүүс Алтанбулагийн талаар ярьж өгөөч гэсэн. Европоос баахан ачаа ачуулсан, баахан бүтээгдэхүүн нь хил дээр зарим нь 45 хонож байгаа 35 машин байна. Дээрээс нь 10 машин хүнсний бүтээгдэхүүн ачигдсан, байдалтай байна. Бараа авчирч байгаа монголчуудаа оруулахгүй хохироогоод байж болохгүй. Гаалийн татвараа оруулаад асуудлыг шийдэхгүй бол болохгүй нь. Улс төрийн нөлөө бүхий хүний ачаа шууд орчихдог гэсэн асуудлыг тавьж байна.
Шадар сайд Я.Содбаатар:
-Алтанбулагийн боомтын асуудал амаргүй байгаа. Аравдугаар сарын дундуур ажлын хэсэг очиж ажилласан. Хаая, хугацаа өгөөч гээд 20-иод хоногийн хугацаа өгсөн. Цаанаасаа битгий татаарай. Төмөр зам руу ачаануудаа шилжүүлье гэсэн. Дотоодын халдвар гарсантай холбоотойгоор зогсоосон. Хилийн цаад талд машин бөглөрсөн асуудал үүсч, 91 машин байгааг нь татаж авъя гэсний дагуу татаж авсан. Дараагийн долоо хоногт нь дахиад 30-аад машин гарч ирсэн. Өргөн хэрэглээний эмийн нэлээд хувь Европоос ирдэг. Эм, эмнэлгийн хэрэгслүүдээ тусгай горим гаргаж, оллайн хурал хийгээд, татаж авсан. Дахиад 70-аад машин гарч ирсэн. Нэг хүний бөөр муудсан, тэр хүнийг татаж авсан. Хилийн цаана 36 машин үлдсэн. Он дуустал буюу нэгдүгээр сарын 18 хүртэл эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан 25 машин орж ирнэ. Ачаа сэлгүүлэн ачих, Манжуур болон Замын-Үүд дээр хэрэглэж буй, дундын зам дээр сэлгэн татан авалт хийх асуудлыг Оросын талтай яриад байж байна. УОК эргэж буцаад байна гэж хэлж байгаа юм. Эргэж буцсан асуудал байхгүй. ААН-үүдэд маш олон удаа албан бичиг хүргүүлж, онлайн уулзалт хийсэн. Арваннэгдүгээр сараас яригдаж эхэлсэн асуудал. Орохгүй байгааг нь мэдсээр байгаад ачуулсан ч тохиолдол байна. Одоогоор оруулъя гэсэн шийд гараагүй байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Удаан хугацаанд хорио цээр тогтоохоор хүмүүс залхаж эхэлдэг байна. Хуулийн хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй. Улсын чанартай замуудаас гадна сум хоорондын замуудыг хяналтдаа бүрэн авч, хүний хөдөлгөөнийг хориод, хяналтаа тавьж чадвал төрийн бүх үйл ажиллагаа хэвийн явах боломжтой. Малын эмч нар хамгийн сайн мэргэшсэн хүмүүс байдаг. Тэднийг ашиглах хэрэгтэй. Уламжлалт аргуудаа ашиглаж, цар тахалтай хэрхэн тэмцэх вэ гэдгээ гаргаад, хэвшүүлээд явах ёстой. Хэрвээ суманд ямар нэг өвчин гарсан байлаа гэхэд тухайн сумын эмч хяналтдаа аваад, эмчлэх, зөвлөгөө өгөх боломжоор хангаад явбал бидний хувьд боломжгүй зүйл үгүй. Хамгийн гол нь сайн төлөвлөгөө, сайн стратеги хэрэгтэй байна.
Шадар сайд Я.Содбаатар:
-Цар тахалтай тэмцэх сайн арга төлөвлөгөө, сайн стратеги байгаа. Түүний хүрээнд ажиллаж байна. Кластер буюу алаг цоог гарч байгаа энэ үед бид мэргэшсэн төв эмнэлгүүд дээр зөөвөрлөн авчирч эмчилж байна. Хэрвээ нийтийн дунд тархсан тохиолдолд гэрт нь, аймаг, сумын эмнэлэгт эмчлэх асуудалд анхаарна. Бэлэн байдлын зэргийн хүрээнд хяналттай байх ёстой. Иргэд, Засаг захиргааны хүмүүс илүү анхааралтай байх ёстой. PCR шинжилгээнийхээ бичигтэй явах хэрэгтэй. Тэгэхгүй бол аймаг орон нутаг, ард иргэд, ахан дүүстэй халдвар тараах эрсдэлтэй гэдгийг байнга бодож явах ёстой.
Манай оронд сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдах хуультай орон. Олон улс, хөрш орны зэрэг олон оронтой шууд харьцаж, мэдээ мэдээлэл авч байна. Вакцинжуулалтыг эхний улиралд эхлүүлэхээр ажиллаж байна. Нэг сард үндэсний бүртгэлээ хийе гэж байгаа. Вакцинжуулалтад хамруулах түргэвчилсэн журам гаргах гэж байна. Эхний вакциныг гуравдугаар сард авна гэсэн төлөвлөлттэй байна.
Гишүүд асуулт тавьж, хариул авсны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ