Оросын Өвлийн өвгөд ба тэдний амьдардаг газар

Жилийн хамгийн сайхан, хүсэл мөрөөдлөөр дүүрэн өнгөрдөг шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ баярын гол дүр нь хүүхэд багачуудын хүслийг биелүүлж, бэлэг түгээдэг өвлийн шидтэн. Дэлхийн олон оронд шинэ жилийн шидтэн өөр өөр дүрээр ирдэг ч бид ихэвчлэн Санта Клаус, Өвлийн өвгөнөөр төсөөлдөг. Харин хойд хөршид гэхэд л төрөл бүрийн Өвлийн өвгөнүүд бий. Энэ нь ОХУ-ын бүрэлдэхүүнд олон үндэстэн, ястан багтдагтай холбоотой юм. Олон үндэстэн, бүгд найрамдах улсын төлөөлөл болгон цөөн өвлийн өвгөнийг танилцуулъя
Якут-Чысхаан ба Эхээ Дыыл
Якутад Чысхаан болон Эхээ Дыыл гэсэн өвлийн хоёр шидтэн бий. Чысхаан хүйтний эзэн, Өвөл Бухны дүр гэж тооцогддог. Чысхааныг таних гол онцлог нь то эвэртэй малгай. Якутууд Өвлийн Бух өвөл, хүйтнийг авчирдаг гэж үздэг. Өвлийн Бух жил бүр Хойд мөсөн далайгаас гарч аяллаа эхлэн, энэ зуур хүйтнийг илэрхийлэх эвэр нь ургадаг гэх. Бухны эвэр урт байх тусам хүйтэн өвөл болно гэж үздэг аж.
Бухыг өвлийг авчирдаг гэх якутуудын төсөөлөл өнөө хэр Якутаас олддог арслан зааны яснаас үүдэлтэй гэж үздэг юм байна. Өмнө нь арслан зааны соёог олохдоо якутууд асар том бухны эвэр гэж эндүүрч, хавар цас хайлах үеэр л олддог байсан тул дулааны улмаас бух үхсэн хэмээн боддог байсан гэнэ.
Чысхааны эх орон нь хамгийн хүйтэн газруудын нэг, цельсийн -71 хэм хүрдэг Оймякон аж. Чысхаан жил бүр "Якутаас өвөл эхэлдэг" наадмын гол дүр болдог юм.
Якутын өөр нэгэн өвлийн шидтэн нь Эхээ Дыыл бөгөөд нэрийг нь якут хэлнээс орчуулвал "Өвлийн өвгөн" гэсэн утгатай. Эхээ Дыыл өнөр гэр бүлтэй. Эхнэр нь Кысын Хотун буюу Өвлийн хатан хаан, Саасчана (Хавар), Сайыына(Зун), Кухуунэй(Намар) гэсэн гурван охинтой, Тылчаан(салхи) гэх зээ хүү, Хаарчаана (Цасхан) гэх зээ охинтой аж. Зээ нар нь өвөөг дагалдан, шуудангаа авахад тусалдаг гэнэ.
Буриад-Цагаан өвгөн
Буриадын Өвлийн өвгөн болох Цагаан өвгөн бол дэлхийн хамгийн эртний өвлийн шидтэнүүдийн нэг юм. Түүний талаарх хамгийн эртний судар бичигт 2,5 мянган жилийн өмнө тэмдэглэсэн байжээ. Цагаан өвгөнийг урт нас, аз жаргал, элбэг дэлбэг амьдралыг өгдөг бурхан гэж үздэг.
Цагаан өвгөн нэгдүгээр сарын нэгний өдөр болон цагаан сараар гээд нийт хоёр удаа баяр хүргэдэг байна. Цагаан өвгөний ордон Буриадын нийслэл Улаан-Үд хотод байдаг.
Удмурт- Тол Бабай
Удмуртийн өвлийн өвгөнийг Тол Бабай гэдэг. Орчуулвал мөн л Өвлийн өвгөн гэсэн үг. Домог ёсоор, түүний ойрын төрлүүд аварга биетнүүд байсан бөгөөд Тол Бабай омог дундаасаа хамгийн жижиг биетэй нь байжээ. Ингээд аварга хүмүүсийн нутагт хүмүүс ирэхэд тэд Кар уулын оройд нүхэнд нуугдахаар шийдсэн гэнэ. Гэвч Тол Бабай орж амжилгүй нүх хаагджээ. Ингээд тэр аянд гарч, урт хугацааны аяллынхаа явцад амьтан, шувуудын хэл суран явж байгаад нэгэнтээ ойд хүүхдүүдтэй таарч гэнэ. Хүүхдүүд түүнээс огт айсангүй, харин ихэд баярлан, аварга биетэнтэй нөхөрлөжээ. Энэ үеэс хойш жил бүр Тол Бабай талархал илэрхийлэхээр хүүхдүүд дээр бэлэг авчирдаг болсон гэнэ. Тол Бабайн туслах нь Лыми Ныл нэртэй цасан охин бий. Тол Бабайг ялгах онцлог нь махир таягнаас гадна түүний дээл нил ягаан өнгөтэй байх бөгөөд энэ нь Удмуртийн бэлгэдэл өнгө юм.
Башкир болон Татарстан- Кыш Бабай
Татарстан болон Башкир улсад Кыш Бабай гэх нэг өвлийн өвгөн байдаг. Түүнийг ялгах арга нь үслэг тоорцог, хөх өнгийн хувцас байдаг гэнэ. Кыш Бабай 12 дугаар сарын 22-ны өдрөөс нэгдүгээр сарын нэгний хооронд хүмүүсийг баярлуулах ажлаа хийдэг аж. Кыш Бабайд Кар Кызы гэх үзэсгэлэнтэй охин байдаг. Охин нь түүнд туслахаас гадна өөр 13 дүр Кыш Бабайд тусалдаг аж.
Новый Кырлай сууринд Кыш Бабай охины хамт амьдардаг бөгөөд энд Ид шидийн ой, хүрээлэн байдаг, эндээ зочдоо хүлээн авч баярлуулдаг гэнэ.
Ямал-Ненецийн автономт тойрог- Ямал Ири
Ямалын өвлийн өвгөн Ямал Ири тундр үүсэхтэй зэрэгцэн төрсөн гэх бөгөөд энэ өвлийн шидтэнийг хувцасаар нь танихад тун хялбар. Түүний хувцас, гутал нь цаа бугын арьсаар хийсэн байдаг аж. Хүсэл биелүүлэгч таягтай Ямал Ири цаа буга хөлөглөн, хаски нохойгоо дагуулан явдаг. Горнокнязевск гэх алслагдсан сууринд амьдардаг Ямал Ири хамгийн орчин үеийн өвөө нарын тоонд багтдаг гэнэ. Тэрбээр цаа буга нь ядарвал цаснаа явагч эсвэл сноуборд унадаг бол гар утсаараа хүүхдүүдийн дуудлагыг хүлээн авдаг аж.
Карели
Карелид Якутийн адилаар мөн л хэд хэдэн өвлийн өвгөн бий. Тэдний нэг Талви Уккогийн ордон Петрозаводск хотоос 25 километрийн зайд байрладаг аж. Талви Укко эдлэндээ зочдоо төрөл бүрийн ургамлаар чанасан цайгаар дайлж, нохой чаргаар хамтдаа гулгадаг гэнэ.
Талви Уккод маш олон нохой бий. Домог ёсоор Талви Укко дөнгөж төрөөд тэнгэрээс Карелийн ойд унасан бөгөөд түүнийг ноход аварсан гэдэг.
Карелийн өөр нэг өвлийн шидтэн нь Паккайне. Гэхдээ тэр бусад шидтэнүүдийн адил сахал үс нь бууралтсан настан биш харин залуу эр. Олонец хотын уугуул тэрбээр 12 дугаар сарын нэгэнд төрсөн гэх бөгөөд эцгийнхээ нэгэн адилаар арилжаа наймаа эрхэлж, дэлхийг тойрон худалдаа хийдэг байжээ.
Нэгэн хотод очоод Паккайне толинд харахад тэнд дүрс нь үлдсэн бөгөөд тэр дүрс толиноос гарч, Паккайнегийн эх орон руу өвөл буцан, өөрийгөө жинхэнэ Паккайне гэж нотлохыг оролдсон гэдэг. Ингээд жил бүр хэн нь жинхэнэ Паккайнег мэдэх тэмцээн зохиогдох болсон аж. Паккайнегийн гол туслах, сайн найз нь Луминайне бөгөөд энэ нь Цасан эмэгтэй гэсэн утгатай гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ