Санта-Клаус олон улсын сансрын станц руу нисэх зөвшөөрлөө авлаа

img

Санта-Клаус 2020 онд олон улсын сансрын станц руу ачаа хүргэх тусгай зөвшөөрлөө авсан гэж АНУ-ын Иргэний нисэхийн холбооны удирдах газрын цахим хуудсанд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, "Рудольф" пуужинг станц руу хүргэх "Оддын чарга 1" сансрын хөлөгт зөвшөөрөл өгсөн гэнэ.

 

"2020 он хүндхэн жил байлаа. Гэсэн ч зөвхөн Сантаг хүргэх баярын уур амьсгал бидэнд хэрэгтэй" хэмээн АНУ-ын Иргэний нисэхийн холбооны удирдах газрын төлөөлөгч Стив Диксон мэдэгджээ.

Тус байгууллагын мэдэгдсэнээр, 2020 онд Санта бэлэгнүүдээс гадна хэрэгтэй хүмүүст нь хүргэхээр коронавирусийн вакциныг авч яваа гэнэ. Мөн Санта-Клаусыг Үндэсний агаарын орон зайд аюулгүй нисэх боломж олгосондоо баяртай байна гэж Иргэний нисэхийн газар мэдэгджээ.

 

Энд дуулгахад, жил бүр Санта-Клаусын "нислэгийг цахимаар дамжуулдаг" бөгөөд Сантагийн нислэгийг бодитоор болж буй мэтээр координатыг нь Flightradar цахим хуудас дээр дамжуулдаг юм. Түүнчлэн өвлийн шидтэний нислэгийг NORAD Tracks Santa цахим хуудас дамжуулдаг. Энэ уламжлалыг Хойд Америкийн Агаар сансрын хүчин \NORAD\-ийн командлалын газар эхлүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ