ОХУ: Вакцинжуулалтад хамруулах иргэдийн тоог нэмэв

ОХУ-д коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажил цар хүрээгээ тэлж байгаа талаар Регнум агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Москва хотноо коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад хамруулах иргэдийн хүрээг өргөжүүлэн, ахмад настнууд, орон сууц нийтийн аж ахуйн газрын ажилтнууд, нийтийн хоол, спорт, хууль эрхзүйг сахиулах байгууллагуудын ажилтнууд, түүнчлэн сайн дурын ажилтнууд, төрийн бус болон шашны байгууллагуудын ажилтнууд вакцинд хамрагдах боломжтой болжээ.
Өмнө нь вакцинжуулалтад эрсдлийнх бүлгийнхэн буюу эмнэлэг, боловсролын байгууллагын ажилтнууд, хотын нийтийн байгууллагуудын ажилтнууд болон сургалт, эмнэлгийн байгууллагуудын бусад ажилтнууд хамрагдаж байсан юм. Улмаар 12 дугаар сарын 14-ний өдрөөс соёл урлагийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний салбарынхан, 12 дугаар сарын 21-ний өдрөөс тээвэр, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын ажилтнууд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах боломжтой болсон байна.
Вакцин үйлдвэрлэлээс гарч, эргэлтэд орох бүрт урьдчилан сэргийлэх тарилгад бүртгэх хүмүүсийн хүрээг нэмэгдүүлж, цаашлаад Москва хотын бүх оршин суугчдыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Коронавирусээс сэргийлэх тарилгад хамрагдахын тулд 18 нас хүрсэн, Москвагийн даатгалтай оршин суугч байх бөгөөд жирэмсэн болон хөхүүл эхчүүд вакцин тариулах боломжгүй гэнэ. Мөн вакцин тариулах хүн хэд хэдэн архаг хууч өвчингүй, вакцин хийлгэхээс сүүлийн хоёр долоо хоногийн өмнө амьсгалын замын хурц өвчин тусаагүй байх ёстой аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ