Испанид вакцинжуулалт эхэлж, 96 настан анхны тунг тариулав

img

Испанид коронавирусээс сэргийлэх вакцинжуулалт эхэлсэн талаар El Mundo мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсад анхны тунг Гвадалахар хотын ахмадын асрах газарт амьдардаг Арасели хэмээх 96 настай эмэгтэйд хийсэн байна. Энэ үйл явцыг хэвлэл мэдээллээр шууд дамжуулсан бөгөөд харин түүний араас энэ ахмадын асрах газарт ажилладаг сувилагч эмэгтэй вакцин тариулжээ.

 

Энэхүү асрамжийн газар Pfizer-BioNTech вакциныг хадгалж буй гол агуулахтай хамгийн ойр байсан бөгөөд Гвадалахара хотод Бельгиэс вакциныг зөөвөрлөн хадгалж байгаа аж. Улмаар энэ хотод байрлах агуулахаас Испанийн бусад бүс нутаг руу хүргэх гэнэ. Вакцин тээвэрлэх цувааг Үндэсний гвардынхан дагалдан явж, хамгаалахаар болжээ. 

 

Испанид ойрын 12 долоо хоногийн туршид 2.29 сая хүнийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулна гэж төлөвлөж байна. Энэ хүрээнд эмнэлгийн болон нийгмийн ажилтнууд, ахмадын асрах газарт амьдардаг хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст коронавирусээс сэргийлэх тарилга хийх аж. Үүний дараа бусад хүмүүсийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ. 

 

Хэдийгээр вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр явуулах ч испаничуудын ихэнх нь энэ боломжийг ашиглана гэж Испанийн эрх баригчид найдаж байгаа гэнэ. Тус улсад иргэд урьдчилан сэргийлэх тарилгад идэвхтэй хамрагддаг юм байна. Тухайлбал хүүхдүүдийн 95 хувь гаруй нь төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх тарилгад хамрагдсан бол энэ жил томуунаас сэргийлэх вакцинжуулалтын аяны үеэр хүн амын 25 хувиас дээш буюу 12 сая хүн тарилга хийлгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ