Путин ҮАБЗ-ийн гишүүдийг гадаадад данс нээхийг хориглов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гарган, ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг гадаадын банкуудад данстай, гадаад улс орны иргэншилтэй байхыг хоригложээ.
Энэ зарлиг нь ҮАБЗ-ийн орлогч дарга, нарийн бичгийн дарга, байнгын гишүүд болон гишүүдэд хамаарах юм байна. Холбооны хуульд зааснаар тэд Оросын нутаг дэвсгэрээс гадна байрлаж буй гадаадын банкуудад данс нээлгэх, данс эзэмших, бэлэн мөнгө болон үнэт зүйл хадгалуулахыг хоригложээ.
Түүнчлэн хилийн чанадад данстай, давхар иргэншилтэй этгээдүүд ОХУ-ын ҮАБЗ-ийн гишүүн байж болохгүй гэнэ. Гагцхүү "гадаад улс орны иргэншилгүй, оршин суух эрхгүй эсвэл гадаадын улс орны нутаг дэвсгэр дээр Оросын Холбооны Улсын иргэн байнга оршин суух эрхийг баталгаажуулсан бусад баримт бичиггүй ОХУ-ын иргэн" л ҮАБЗ-ийн гишүүн байж болох аж.
Энэхүү зарлиг нь ОХУ-ын ҮАБЗ-ийн гишүүдийг гадаадад данс эзэмшихийг хориглосон хуулийн араас гарч байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ