Британи: Шинэ дэгдэлтээс сэргийлэхийн тулд 7 хоногт 2 сая хүн вакцинжуулах хэрэгтэй

img

Коронавирусийн халдварын шинэ давлагаанаас сэргийлэхийн тулд долоо хоногт 2 сая хүнийг вакцинжуулах хэрэгтэй гэж Лондонгийн эрүүл ахуй, анагаах ухааны сургуулийн шинжээчид мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ. 

 

"Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх дөрөв дэх түвшний үед дунд сургуулиудыг хааж, долоо хоногт хоёр сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Энэ нь эрчимт эмчилгээний хэт их ачааллыг бууруулж, эхний давлагааны үед ажиглагдсанаас бага түвшин рүү халдварыг хүргэх цорын ганц зөв зам" хэмээн шинжээчид мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн хүн амыг идэвхтэй вакцинжуулахгүй бол коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчлөл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон нас баралтын түвшин ирэх 2021 онд 2020 оны үзүүлэлтээс ч давж болзошгүйг эрдэмтэд цохон тэмдэглэжээ. 

 

Энд дуулгахад, Их Британийн эрх баригчид Оксфордын их сургууль АстраЗенекатай хамтран боловсруулсан тарилгыг ашиглан 2021 оны нэгдүгээр сард вакцинжуулалт эхлэнэ хэмээн 12 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн юм. Вакциныг албан ёсоор бүртгэвэл нэгдүгээр сарын дөрөвнөөс вакцинжуулалт эхлэх аж. Ингэснээр, Pfizer вакциныг ашиглан 12 дугаар сарын наймны өдөр эхлүүлсэн вакцинжуулалтын хөтөлбөр түргэсэх юм. Улмаар ирэх сарын дунд гэхэд 2.5 сая хүнийг вакцинд хамруулна гэж эрх баригчид тооцоолж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ