АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийг БНАСАУ пуужингаар "угтана"

img

Жо Байден тэргүүтэй АНУ-ын шинэ захиргааны ажлын эхний саруудад Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин туршиж магадгүй гэж Өмнөд Солонгосын судалгааны төв таамагласныг "Ёнхап" агентлаг мэдээлжээ. 

 

Пхеньян АНУ-ын удирдлага солигдоход Вашингтоны хариу үйлдлийг шалгах, шинэ захиргааны анхаарлыг татах гэж цэргийн өдөөн хатгалга хийж байсан удаатайг шинжээчид онцолсон байна. Түүнчлэн БНАСАУ-тай харилцах дипломат харилцааны талаарх Байдены төлөвлөгөөнүүд Трампынхаас 180 градусаар эргэсэн гэдгийг харуулсан хэмээн Асан улс төрийн судалгааны хүрээлэнгийн шинжээчид үзэж байгаа аж.

 

Шинэ Ерөнхийлөгч өмнөх төрийн тэргүүн шиг хоёр талт дээд хэмжээний уулзалт хийх биш харин ажлын түвшинд уулзалтууд зохион байгуулахыг эрхэмлэж, "доороос дээш" хэлбэрээр Пхеньянтай харилцаа тогтоох байх гэж шинжээчид таамаглаж байна. Энэ бүхэн нь цөмийн асуудлаарх хэлэлцээнүүдийг зогсонги байдалд оруулж болзошгүй гэж судалгааны төвийнхөн онцолжээ. 

 

"Тиймээс Трампын захиргааны үеийнхээс ч ноцтой байдалд орж болзошгүй хэлэлцээрүүдийн мухардлаас гарах гэсэн арга ядсан оролдлого хийн БНАСАУ тив алгасах пуужин хөөргөхөөр шийдэж болзошгүй" хэмээн судалгааны төвийн илтгэлд цохон тэмдэглэсэн байна.

 

Эргэн сануулахад, Трамп болон Ким Жон Ун нар анх 2018 онд Сингапурт уулзаж байлаа. Тухайн үед хоёр тал хэлэлцээрт гарын үсэг зуран, Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамд болсон ч тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй. Улмаар мөн оны зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч болон Хойд Солонгосын удирдагч нар Хойд болон Өмнөд Солонгосыг зааглах цэрэггүй бүсэд уулзан, хэлэлцээг сэргээхээр тохиролцсон. Гэвч 2019 оны 10 дугаар сард хэлэлцээ мухардалд орсон юм. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ