Путин: Орос бол нэгэн өнөр гэр бүл

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2021 оныг угтан ард түмэндээ хандсан мэндчилгээндээ улиран одсон 2020 он нэн хүнд, олон жилийн ачааг багтаасан жил болж өнгөрснийг онцолжээ.
"Түгшүүр, эд материалын хүндрэлтэй, санаа зовоосон, зарим хүмүүсийн хувьд ойр дотны хүмүүсээ алдсан хүнд жил байлаа" хэмээн Путин онцолжээ.
Түүнчлэн "хүнлэг болон мэргэжлийн ур чадвараа харуулсан" хүмүүсийн ачаар хүндрэл бэрхшээлийг даван туулах итгэл найдвар төрүүлсэн жил байсныг ч онцолсон байна.
"Бид хамтдаа байгаа тул та бүхэнд бүгдэд нь баярлалаа. Хажууд байгаа найдвартай түшиг тулгуураа бид мэдэрч байх үедээ Орос орон нэгэн өнөр гэр бүл болдог" хэмээн Путин баярын мэндчилгээндээ өгүүлжээ.
Мэндчилгээнийхээ төгсгөлд тэрбээр иргэддээ эрүүл энх, итгэл найдвар, хайр, аз жаргалыг хүсэн ерөөсөн байна.
Энд дуулгахад, Путиний энэ жилийн мэндчилгээ хамгийн уртад тооцогдож байна. Өнгөрсөн хугацаанд Оросын Ерөнхийлөгчийн бусад мэдэгдлүүд харьцангуй богино байсан бол Путин энэ удаад 6 минут үргэлжлэх мэндчилгээ бичүүлжээ. Путиний мэндчилгээг ОХУ-д хамгийн түрүүнд шинэ оноо угтдаг Камчаткийн оршин суугчид түрүүлж сонссон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ