Нью-Йорк COVID-19-ийн улмаас амиа алдсан хүмүүсийг дурсах өдөртэй болов

АНУ-ын Нью-Йорк хотын оршин суугчид ирэх оноос эхлэн гуравдугаар сарын 14-ний өдөр COVID-19-ийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг болно гэж хотын дарга Билл де Блазио мэдэгджээ. Нью-Йорк хотод гуравдугаар сарын 14-ний өдөр халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тул энэ өдрийг дурсгалыг хүндэтгэх өдөр болгохоор шийдсэн байна.
"2020 он манай түүхэн дэх хамгийн гунигтай жилүүдийн нэг, Нью-Йоркийн түүхэн дэх хамгийн хүнд жил боллоо. Ашгүй бид энэ оныг давлаа. Гэхдээ энэ оныг давж чадаагүй, өнгөрсөн онд амиа алдсан хүмүүсээ бид эргэн дурсах ёстой. Тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлж, мөн бусдыг хамгаалж байсан хүмүүсийн баатарлаг үйлсийг дурсах ёстой" хэмээн Билл де Блазио мэдэгджээ.
Хотын дарга иргэддээ хандсан үгэндээ Нью-Йорк хот цар тахлын үеэр 25 мянган хүнээ алдсан гэдгийг эргэн сануулсан байна. Өнгөрсөн хавар АНУ-д цар тахлын эхний давалгааны үеэр Нью-Йорк хот тахлын төв хэсэг байлаа. Тухайн үед өдөрт 700 орчим хүн нас барж, өдөр бүр 3000 гаруй хүн эмнэлэгт хэвтэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ