Казахстан цаазын ялыг эцэслэн халав

img

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев цаазын ялыг халах тухай хуульд гарын үсэг зурсан талаар Ерөнхийлөгчийн захиргааны албан ёсны цахим хуудсан дээр мэдээлжээ. Тодруулбал, "Цаазын ялыг халахад чиглэгдсэн иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын Хоёрдугаар салбар протоколыг соёрхон батлах тухай" хуульд Казахстаны Ерөнхийлөгч гарын үсэг зурсан байна. 

 

НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ протоколыг 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарагж байв. Энэ протоколд нэгдсэн бүхий л орнууд нутаг дэвсгэр дээрээ цаазын ял хэрэглэхгүй байх, хууль тогтоомжоосоо энэ төрлийн ялыг нэгр мөр халах үүрэг хүлээдэг юм. Казахстан энэхүү Олон улсын пактад өнгөрсөн онд нэгдэн орсон ч дайны үед "цэргийн шинж чанартай онц хүнд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдэд" цаазын ял хэрэглэх эрхтэй үлдсэн байна.

 

2003 оноос эхлэн тус улсад цаазын ялын хугацааг хойшлуулсаар ирсэн ч шүүгчид казахстаны анхны болон өнөөгийн ерөнхийлөгч нарын амь насанд халдах, алан хядах ажиллагаа үйлдэх, хорлон сүйтгэх ажиллагаа , үй олноор хөнөөх зэрэг онц тохиолдлуудад ялын дээд хэмжээ болгон ялтнуудад цаазын ял оноосон хэвээр байлаа. Ийм ял сонссон хүмүүс бүх насаараа хоригдож, эсвэл ялын хугацааг хойшлуулсан нь цуцлагдвал цаазаар авахуулах байсан юм.

 

Казахстанд хамгийн сүүлд 2016 онд Руслан Кулекбаев гэгчид цаазын ял оноосон бөгөөд тэрбээр 8 цагдаагийн алба хаагч, хоёр энгийн иргэнийг буудсан хэрэг үйлджээ. Казахстан улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу 1991 оноос хойш нийтдээ 536 цаазын ялыг гүйцэтгэсэн байна.

 

Ийнхүү Казахстан улс цаазын ялыг эцэслэн халснаар Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд болон Европын орнууд дундаас цаазын ялтай үлдсэн цорын ганц улс нь Беларусь болж байгаа юм. Орос улсын хувьд 1997 оноос эхлэн цаазын ялын хугацааг хойшлуулах журам үйлчилж байгаа. ОХУ Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад гарын үсэг зурсан ч Хоёрдугаар төрөлжсөн протоколд нэгдэн ороогүй байгаа аж.

 

2018 оны байдлаар дэлхийн 106 улс цаазын ялыг халсан бол 22 орон цаазын ялыг хэрэглэсээр байна. Харин Өмнөд Солонгос, Индонези, Тайланд зэрэг дэлхийн 34 оронд цаазын ял оноодог ч хэрэгжүүлдэггүй аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ