Согтуу жолоочид осол гаргаж зорчигчид гэмтжээ
2021-01-04

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.01.02-03-ны өдрүүдэд нийт 244 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 177 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Бүртгэгдсэн зарим ослоос дурдвал 2021.01.02-ны өдрийн 22.40 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Толгойтын зам, Тэнүүн төвийн баруун замд Toyota prius маркийн жолооч У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1.04%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тус төвийн баруун урд буланг мөргөж, зорчигч 20 настай, эрэгтэй Б гэмтсэн.

 

Мөн 2021.01.03-ны өдрийн 20.50 цагийн орчимд БЗД-ийн 2 дугаар хороо Улиастайн зам, Lexus RX-270 маркийн автомашины жолооч М нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1.82%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын голын хашлага мөргөж, жолооч 37 настай, эмэгтэй М гэмтжээ.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолооч, орон нутагт 31 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Jolooch nar bish uu?!
2021-01-04