Туркт 2500 жилийн настай, Афродитагийн сүм олджээ

Эрдэмтэн, археологичдын баг Туркийн баруун хэсэг дэх Урла-Чешме хойг дээрээс Афродитагийн 2500 жилийн настай сүмийн туурийг олсон талаар Daily Sabah мэдээлжээ.
Урла, Чешме болон Измир дэх Сеферихисарыг хамарсан нутаг дэвсгэрийг судлахад эртний 35 суурин, тэр дундаа хожуу үеийн шинэ чулуун зэвсгийн үеийн 16 суурингийн туурь олджээ. Тэдний дунд манай эриний өмнөх VI зуунд хамаарах Афродитагийн сүмийн туурь байсан гэнэ.
Малтлагыг ахалсан археологич Элиф Копаралын өгүүлснээр тухайн үед эртний Грекийн хайр дурлал, гоо үзэсгэлэн, шунал тачаалын тэнгэр хамгийн их хүндлэгддэг бурхадын нэг байсан аж. "Энэ бол үнэхээр бахдам, сэтгэл хөдөлгөм нээлт" хэмээн Копарал онцолжээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд багийнхантайгаа малтлага хийх үеэр орон нутгийн иргэдтэй хамтран ажилласан бөгөөд нутгийнх иргэд хууль бус наймаачид, эрдэнэсийн ангуучдаас нэн ховор олдворуудыг хамгаалахад тусалсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ