Тахлыг давсан хятадууд вирусийн жинхэнэ эх үүсвэрийг хайж байна

img

Европын орнуудад коронавирусийн хоёр дахь давалгааг давсан ч гурав дахь давалгаа энэ сард гарч мэднэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсаар байна. Харин энэ зуур, жилийн өмнө халдварын голомт болж байсан Хятадад амьдрал хэвэндээ орж, тахлыг давсан хятадууд вирусийн эх үүсвэрийг олохоор шийдсэн гэнэ.

 

Хэвийн амьдралдаа орсон нь

Хятадын албан ёсны мэдээллээр Ухань хотноо тахлыг хумихад нэг сарын хугацаа, шинээр халдвар илрэх тохиолдлуудыг багасгахад дахин нэг сарын хугацаа шаардагдсан бол гурван сарын дараа хотоос вирусийг нэг мөр хөөсөн гэх. Хятадад өнөө хэр нь шинээр халдвар бүртгэгдэж, багахан дэгдэлтүүд гарч байгаа ч тун хурдтайгаар дарагдаж байгаа юм.

 

БНХАУ-ын эрх баригчид дэлхий дахинд танигдсан арга болох хэсэгчилсэн оновтой хөл хорионы арга хэмжээ, эрсдлийн бүлгүүдийг олноор тестэд хамруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг өргөн цар хүрээтэйгээр хянах зэрэг аргуудаар халдварын тархалттай тэмцэж байгаа юм. Тахлыг давахад сахилга бат, эв нэгдэл, шинжлэх ухаан дээр дөрөөлсөн хүчтэй удирдлага чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Хятадын намын сонин хэвлэлүүд онцолж байгаа аж.

 

Ингээд хятадууд богино хугацаанд хэвийн амьдралдаа орж, сургууль, худалдааны төвүүд нээгдэн, хүмүүс нийтийн тээврээр зорчих болсон байна. Тахлыг давах хятад маягийн загварчлал амжилттай байсан нь олны өмнө илт. 2020 онд 10 дугаар сард тохиодог намрын дунд үеийн уламжлалт баяр БНХАУ үүссэн өдөртэй давхацсан бөгөөд энэ үеэр бараг хагас тэрбум хүн дотооддоо аялахаар гарчээ. Ердөө сарын дараа "ганц бие эрчүүдийн өдөр"-т зориулсан цахим худалдаагаар хятадууд ээлжит дээд амжилт тогтоосон талаар Синхуа мэдээлж байв. Хэдийгээр эдийн засаг нь саарсан ч 2020 оны хавраас хойш эргэн сэргэж байна.

Коронавирусийн "өлгий нутаг"-ийг хайсан нь

Хятадад анх вирус дэгдсэн цагаас эхлээд л халдвар цар тахлын хэмжээнд хүрч, дэлхий бүх орныг бүрхэх үед ч энэ тахалд Хятадыг ил далдаар буруутгах байдал зогсоогүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг мэдээлэл нуусан, Хятадын вирус гэх зэргээр байнга буруутгадаг байсан бол өнгөрсөн долоо хоногт мөн л АНУ-ын улс төрч Хятадыг цар тахалд буруутгасан мэдэгдэл хийсэн юм. 

 

"Ер нь бол вирус дэлхийн өөр өөр газарт бүртгэгдэж байсан гэсэн тайлангуудыг бид сүүлийн саруудад харсан. Магадгүй манайд бүртгэгдэхээс өмнө өөр газарт вирус үүссэн байх" хэмээн Бээжинг буруутгасан мэдэгдлийн хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ. Дэлхий дахинд цар тахал үүсгэсэн шинэ төрлийн коронавирус Уханийн зах дээр гарахаасаа ч өмнө үүссэн байж болзошгүй гэсэн хувилбарыг Хятад улс хэдэнтээ дэвшүүлж байв. 

 

Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижянь ийм мэдэгдэл хийж байсан юм. Тэрбээр Америкийн цэргийнхэн Уханьд вирус авчирсан байж болзошгүй хэмээн мэдэгдэж байв. Тухайн үед түүний үгийг нэн эргэлзээтэй гэж үзэж байсан бол өнөөдөр халдварын үүслийн болзошгүй онолууд улам бүр тодоор яригдах болсон байна.

 

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр Хятадын төв телевизээр Германы вирус судлаач Александр Кекулегийн оролцсон нэвтрүүлэг гарсан бөгөөд вирус судлаач коронавирусийг анх Хятадад биш харин Италийн хойд хэсэгт илрүүлсэн хэмээн ярьжээ. Түүний өгүүлснээр COVID-19 халдварын тохиолдлуудын 99 хувь гаруй нь G хувилбар хэмээн нэрлэгдсэн Италийн вирустэй генетикийн хувьд давхцаж байгаа гэнэ.

 

Кекуле ийм шуугиан тарьсан мэдэгдэл хийсэн гэдгээ төсөөлөө ч үгүй, харин Хятадын хэвлэл мэдээллийг хэлсэн үгийг нь суртал ухуулгын зорилгоор мушгин гуйвуулсан хэмээн буруутгаж байв. "Коронавирусийн цар тахал Хятадад эхэлсэн, дэгдэлтийг анхандаа нуусан байх" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичсэн байна. Гэвч түүний энэ няцаалт Хятадад хилийн боомтууд дээр ачаа бараатай харьцсаны дараа халдварын тоо нэмэгдэж байгаа гэх мэдээллийн дуулианд дарагдан замхарчээ. 

 

Хөлдөөсөн импортын бараануудын баглаа боодол дээрээс вирус организмд дамжсан байх боломжтой гэж Хятадын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээний төвийн тэргүүн Ли Нин мэдэгдэж байв. Үүний дараа Хятадын  The Global Times сонин эрэн сурвалжлах нийтлэл гаргаж, түүндээ вирус Уханийн зах дээр өөр газраас хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин ирсэн байх магадлалтай хэмээжээ. Мэдээж энэ нь "таамаг" хэмээн онцолсон ч Хятадын хэвлэлүүдээр ачааны чингэлгүүдээр дамжин гадаад орнуудаас халдвар орж ирсэн гэх мэдээлэл улам бүр ихээр гарах болсон юм.

 

Хятадыг хардсаар л 


Вирус анх дэгдэх үед л Хятадын лабораториос вирус алдагдсан гэх хувилбар дэлхийн хэвлэлүүдээр хурдацтай тарж, ихэнх хүн үүнд итгэж байсан гэхэд болно. Таамаглал дэвшүүлж, хардаж суух зав чөлөө өгөлгүй тахал хурдацтай дэгдэн, дэлхий нийт сандралдах үеэр вирусийн үүслийн талаарх энэ болон бусад таамаглалууд түр мартагдсан ч буруутныг хайх ажил нэг мөр зогсоогүй бололтой. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мэтью Поттинжер цар тахлын шалтгаан нь Хятадын лабораториос SARS-CoV-2 коронавирус алдагдсан гэдэг нь илүү үнэнд ойр байх магадлалтай онол хэмээн мэдэгдсэн байна.

 

Тэрбээр Парламентын гишүүдтэй видео хурал хийх үеэрээ сүүлийн үеийн тагнуулын мэдээллээр Уханийн захаас 11 бээр газар байх Уханийн вирус судлалын маш нууц лабораториос вирус алдагдсан байх магадлалтай гэдэг нь үнэний хувьтай хэмээн мэдэгдсэн байна. 

 

 

Харин энэ мэдэгдэл нь явуургүй худал, цуу яриа хэмээн даваа гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.


"Поттинжер өндөр албан тушаалын албаны этгээд, гэвч тэр энэ шалихгүй явуургүй цуу яриагаа давтсаар л байх юм. Энэ нь Поттинжерийн хувь хүний бодол эсвэл АНУ-ын захиргааны албан ёсны байр суурь эсэхийг Америкийн тал тодруулна гэдэгт би ихээхэн найдаж байна " хэмээн хуа Чуньин мэдэгджээ. 

 

"Вирус лабораториос алдагдсан гэх вирусийн зохиомол үүслийн талаарх онол"-ыг энэ салбарын бүхий л нэр алдартай шинжээчид, тэр дундаа Америкийн шинжээчид ч үгүйсгэсэн гэдгийг Хуа Чуньин цохон тэмдэглэсэн байна.

Поттинжерийн энэхүү маргаан дагуулсан мэдэгдэл хийсэн видео хурал нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн баг коронавирусийн үүсэлтэй холбоотой судалгаа явуулахаар Ухань руу явахын өмнө болжээ. Энд дуулгахад, Хятад улс ДЭМБ-д ихээхэн нөлөөлөл үзүүлдэг тул энэ удаагийн шинжээчдийн багийн шалгалт коронавирусийн эх үүсвэрийг бодитойгоор тогтооход төдийлөн тус болохгүй гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
хятадаас үүсэлтэй вирус.
2021-01-05
Od:
Hytad bol yaj l bol yaj nuun daragduulj chadanashdee. Ene bol tuiliin unen boloi !
2021-01-05