NEWSWEEK: Хүний эрхийн тэмцэгч Өвөр Монгол залууг Швед албадан гаргах нь

img

Өвөр Монголын хүний эрхийн тэмцэгчийг Швед улс Хятад руу албадан гаргах гэж байгаа талаарх Америкийн NEWSWEEK сэтгүүлийн нийтлэлийг хүргэж байна. 

 

Хүний эрхийн  Human Rights Watch байгууллагынхан Хятадад хүний эрхийг дээд зэргээр зөрчсөөр байгааг буруутгах зуур Швед улсад хүний эрхийн тэмцэгч Булгыг Хятад руу албадан гаргахаар зэхэж байна. Түүнийг ийн гаргавал тэрбээр нутагтаа очин шоронд хоригдож, тамлуулж магадгүй бөгөөд харин ингэснээр Швед хүний эрхийн тухай Европын конвенцыг зөрчсөн хэрэг болох юм.

 

Булга хүний эрхийн төлөөх тэмцлийнхээ улмаас Хятадын эрх баригчдын зүгээс мөрдлөгө хавчилгад өртөн, 10 жилийн өмнө  Өвөр Монголын Өөртөө Засах Орноос Швед рүү дүрвэжээ. Түүнийг Шведэд ирсэн цагаас эхлэн энэ улсын эрх баригчид орогнол олгохоос татгалзан, албадан гаргахыг үүрэг болгосон байна. Булга одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт Цагаачлалын хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа юм. Энэ шүүх нь Үведэд орогнол олгох эсэхийг шийдвэрлэдэг эцсийн шатны шүүх бөгөөд Булгад Шведэд үлдэх боломж олгох эсэхийг түүний гэр бүл хүлээж байна. Шүүхээс албадан гаргах шийдвэр гарвал түүний гэр бүл салахаас аргагүй. Булга Хятад руу явж, харин эхнэр нь болох монгол бүсгүй хүүхдүүдтэйгээ хамт Монгол руу явах юм. 

 

Хэдийгээр Булга Шведэд ч хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа үргэлжлүүлж байгаа ч түүнд Хятадын эрх баригчид хэрхэн аюул заналхийлж байгааг нотолож чадахгүй байна хэмээн Шведийн тал үздэг байна. Булга Хятадын Элчин сайдын яамны урд болсон эсэргүүцэлд оролцсон бөгөөд энэ үеэр ЭСЯ-ны ажилтнууд түүний зургийг авсан гэж тэрбээр мэдэгджээ. Гэвч Шведийн эрх мэдэлтнүүд үүнийг үл ойшоосон бөгөөд гэтэл БНХАУ улсаасаа дүрвэсэн иргэдийг мөрдөх, мөшгих тал дээрээ алдартай. 

 

Европын хүний эрхийн шүүхээс Булгыг Хятад руу илгээх шийдвэр гаргахдаа түүний хувийн нөхцөл байдал төдийгүй Хятад дахь ерөнхий нөхцөл байдлыг анхаарахыг шаардаж байгаа юм. 

 

Булгыг албадан гаргах шийдвэр нь Өвөр Монгол дахь нөхцөл байдлыг буруу ойлгосонтой холбоотой байх. Учир нь Төвөд, Шинжаан дахь хүний эрхийн зөрчлийн талаарх мэдээлэл их байдаг ч Өвөр Монгол дахь энэ төрлийн зөрчлийн талаарх мэдээлэл харьцангуй хомс. Гэвч үнэндээ нөхцөл байдал ноцтой байдаг юм. 

 

Өнгөрсөн намар Хятад улс Төвөд, Шинжаанд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ адилаар Өвөр Монголд "хос хэл"-ний бодлогыг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд ингэснээр бага болон дунд сургуулиудад өмнө нь монгол хэлээр зааж байсан олон хичээлийг хятад хэлээр заах журамтай болжээ. Энэ бодлого Өвөр Монголд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар Хятадын эрх баригчид эсэргүүцлийг дарсан юм. Өвөр Монголын хүний эрхийн төвийн мэдээлснээр өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээс эхлэн 8000-10 000 өвөр монгол аливаа хэлбэрээр саатуулагдаж, хоригджээ. 

 

"Олноор нь баривчлах, гэрийн хорионд оруулах, ажлаас нь халах, албан тушаалаас нь буулгах, санхүүгийн эх үүсвэрийн хүртээмжгүй болгох, хүмүүс гэнэт сураггүй болох зэрэг шийтгэлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг" хэмээн Өвөр Монголын хүний эрхийн төв бичжээ.

 

Саяхан Шведийн хуульзүй, цагаачлалын сайд Морган Йоханссоноос Шведийн Засгийн газар Өвөр Монгол руу хүмүүсийг албадан гаргах шийдвэрээ зогсоох эсэх талаар асуухад "Шведэд орогнол олгох хүсэлтийг авч үздэг манай систем баталгаатай, хуульзүйн хувьд аюулгүй явц" хэмээн хариулж байв. 

 

Гэхдээ Шведийн цагаачлалын албаныханд шийдвэр гаргахад нь чухал мэдээлэл хангалтгүй байдаг нь илт. Ийм мэдээллийн хангалтгүй байдлаас үүдсэн үр дагавар тун эмгэнэлтэй. 2012 онд Швед улс өвөр монгол залуу Булгын адилаар Швед дэх Хятадын Элчин сайдын яамны өмнөх жагсаалд оролцсон хоёр уйгур хүнийг албадан гаргаж байлаа. Тэднийг дахин хэн ч хараагүй, тэдний талаарх сураг ч сонсогдоогүй. Энэ эмгэнэлт явдлын дараа Швед улс уйгуруудыг Хятад руу албадан гаргахаа түр зогсоохоос аргагүй болсон юм. Харин өвөр монголчуудыг Хятад руу албадан гаргахаа Швед зогсоохын тулд Булга амь насаараа төлөөс төлөх шаардлагатай болох уу?

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол гэж дуугарсан болгон монгол биш. Монголд төрж өссөн хятадууд олон
2021-01-09
zochin:
Yun manai tug dalbaag tavisan bna ve uUlsyn ner ashiglaad baigaa yum bish beez
2021-01-06