Трампыг дэмжигчид цагдаагийнхантай мөргөлджээ

АНУ-ын Вашингтон хотод өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигчдийн жагсаал цагдаагийнхантай мөргөлдсөнөөр өндөрлөсөн талаар Фокс Ньюс мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагийн үдэш жагсаал эхэлсэн бөгөөд энэ нь Жо Байденыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж конгресс зарлах үйл явдалд зориулагдсан байжээ. Трампын дэмжигчид санал хураалтын дүнг тооцохгүй байхыг шаардан жагсаж, гадаа хүйтэн, бороо орж байсан ч Эрх чөлөөний талбай дээр шөнө дунд хүртэл зогссон байна.
Улмаар цагдаагийнхан зэвсэг хадгалсан, цахилгаан бороохой ашигласан, цагдаагийнхны биед халдсан зэрэг зөрчил гаргасан зургаан хүнийг баривчилжээ. Түүнчлэн жагсагчдыг тараахын тулд хийн баллон ашигласан байна.
Энд дуулгахад, Дональд Трамп 11 дүгээр сарын гуравны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Төлөөлөн сонгогчдын саналын албан ёсны дүнгээр Байден 306 санал авсан бол Трамп 232 санал авсан. Байдены ялалт байгуулсныг өнөөдөр конгресс зарлах бөгөөд тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-ны өдөр товлогджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ