Л.Мөнхтүшиг: Хоёрдугаар сарын нислэгийн хуваарийг энэ сарын 27-нд зарлана

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
-ГХЯ-наас өнгөрсөн хоёр сар гаруйгийн хугацаанд тусгай үүргийн нислэгүүдийг цуцлах шаардлагатай холбоотойгоор хилийн чанадад байгаа иргэдийг эх оронд нь ирүүлэх, санхүүгийн болон бусад бэрхшээлтэй тулгарсан иргэдэд туслалцаа үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласан. Энэ хүрээнд 100 орчим иргэнд санхүүгийн болон бусад тусламж дэмжлэг үзүүлсэн. Дотоодын халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны шинэчилсэн шалгалт, шинээр байр бэлдэх асуудлууд байсан.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн эдгээр өдрүүдэд гадаадаас иргэдээ авах саналыг ГХЯ-наас УОК-т тогтмол тавьж ирсэн. Гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Элчин сайдын яамдаар дамжуулан өдөр бүр хүлээж авч байдаг.
УОК-ын даргаас өгсөн шийдвэрийн дагуу анэ сарын 15-нд БНСУ-руу нэг нислэг үйлдсэн. Тэгвэл энэ сарын 22 болон 31-ний өдөр нэмэлт хоёр нислэг үйлдэж 320 орчим иргэдээ авах шийдвэр гарлаа.
Хоёрдугаар сарын нислэгийн төлөвлөгөөний талаар саналаа ГХЯ-наас УОК-ын даргад хүргүүлсэн. Нөхцөл байдалтай уялдуулан нэгдүгээр сарын 27-ны өдөр хоёрдугаар сарын нислэгийн хуваарийг албан ёсоор зарлана.
Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өнгөрсөн хоёр сарын хугацаанд огцом нэмэгдлээ. 2020 оны 2 сараас эхлэн 10 сарыг дуустал нэн яаралтай буцах шаардлагатай байсан иргэд ирсэн байсан хэдий ч 11 сард нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй нийт 8433 хүн байна. Үүнээс ирэх сардаа багтаж нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй 2660 орчим иргэн байгаа.
БНСУ, Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудад байгаа 6315 хүн, АНУ 1479 хүн, Австралид 93 хүн, Африкт 3 хүн, Европт байгаа 544 иргэн нутагтаа ирэх хүсэлтэй байна.
Өнгөрсөн хугацаанд агаараар болон автозамаар 28195 иргэнээ авч ирээд байгаа.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Татан авалт дотоодын нөөц боломж, тусгаарлан ажиглах байрны нөөц боломжоос шалтгаалдаг. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байрны бэлтгэл хангуулахаар УОК-ын Шуурхай штаб холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Улаанбаатар хотод нийт 39 тусгаарлах байр бий.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 22 тусгаарлан ажиглах байранд 959 иргэн байна. Зарласан нислэгтэй холбоотой тусгаарлах байрны бэлтгэл хангалаа.
Шадар сайдын тусгаарлан ажиглах байранд дагаж мөрдөх түр журмыг шинэчлэн боловсруулаад ажиллаж байгаа. Тусгаарлан ажиглах байрны дэг журам аюулгүй байдалтай холбоотой асуудлаар УОК-ын Шуурхай штаб холбогдох байгууллагууд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Ялангуяа тусгаарлан ажиглах байрны аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм сахихтай холбоотой камерын хяналтыг тагнуулын байгууллагаас хянаж ажиллаж байна. Илэрсэн зөрчлийг тухай бүр УОК-ын Шуурхай штабт ирүүлж байгаа. Зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ