ШУУД: Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн товч намтар:
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.
-
2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
-
2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал
-
2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
-
2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга
-
2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
-
2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
-
2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
-
2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн
-
2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох УИХ-ын тогтоолыг баталлаа
18:05 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар нэг цагийн завсарлага аваад байсан. Завсарлагааны хугацаа дуусгавар боллоо. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-АН-ын бүлэг завсарлагааны хугацаандаа Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэтэй уулзлаа гэлээ.
Ингээд Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох санал хураалт явууллаа. Гишүүдийн 87.8 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилохыг дэмжлээ. Тиймээс Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох УИХ-ын тогтоолыг баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-аас Засгийн газрын бүрэлдэхүүнээ шуурхай бүрэлдүүлэн ажиллах үүргийг өгч байна. Шинэ Засгийн газраас ард түмэн шинэ шийдэл хүлээж байгаа.
"Оюутолгой"-н төслийг Монголын ард түмэнд ашигтай байлгахаар Засгийн газар ажиллаж байгаа. Ард түмнээ дээдэлж, хөгжлийг бүтээгч Засгийн газрын тэргүүн байхыг өргөн дэвшүүлье гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ