COVID-19: Жилийн дараа ч тодорхойгүй үлдсэн асуултууд
Хятадад анхлан бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий даяар тархаад хэдийнэ жил гаруйн нүүр үзэв. Энэ хугацаанд эрдэмтэд вакцин гарган авч, эмчлэх аргуудыг ч тогтоож эхэлсэн ч өнөө хэр нь төдийлөн сайн мэдэхгүй зүйлс олон байгааг Швейцарын Le Temps сонин бичжээ. Сонины редакц дараах нууцууд тайлагдаагүй хэвээр байгааг онцолсон байна.
1. Тахал хэрхэн эхэлсэн нь тодорхойгүй
SARS-CoV-2 вирус Хятадад сарьсан багваахайнаас үүссэн гэх таамаглал л илүүтэй яригдаж байна. Энэ сүүн тэжээлтнүүд олон төрлийн коронавирусийг тээж байдаг бөгөөд зарим төрөл нь хүмүүсийн дунд тахал үүсгэж байсан юм. Жишээ нь 2001 онд тохиосон САРС ханиад. Гэхдээ вирус хүмүүст халдах чадвартай болохын тулд өөр төрөл зүйлээр дамжих ёстой. Гэвч энэ "дамжуулагч"-ийг хайх ажил эхэлсэн цэгээсээ хөдөлсөнгүй. Хүмүүст анх вирус халдварласан гэх Ухань хотын зах дээрх амьтдыг судалсан ч үүслийг тогтоож чадаагүй юмю.
"Завсрын вирусийг таниж, геномыг нь тайлахаас нааш SARS-CoV-2 вирусийн үүслийн тухай асуудал шийдэгдэхгүй хэвээр байна" гэж вирус судлаач Этьен Декроли Эрдэм шинжилгээ судалгааны үндэсний төвийн сэтгүүлд онцолжээ.
Түүнчлэн тэрбээр "вирус санаандгүй лабораториас алдагдсан" байх боломжтой гэсэн бусад эрдэмтдийн таамаглалыг үгүйсгэх аргагүй хэмээсэн байна.
2. Вирус хэрхэн дамждаг нь тодорхойгүй
Өнгөрсөн зунаас хойш томоохон хэд хэдэн судалгаа нийтлэгдсэн. Мэргэжилтнүүдийн хувьд агаар дуслын замаар халдварлана гэж анхааруулж байгаа юм.
"Вирусийн дамжих гол зам нь шүлсний дуслууд бөгөөд харин агаарын зам нь арай бага ач холбогдолтой" гэж Лозанны их сургуулийн эмнэлгийн вирус судлаач Валерия Каньо өгүүлжээ.
Мөн хувьссан штаммууд нь илүү халдвартай бөгөөд ийм штаммууд гарч ирснээр өвчлөлийн тоо эрс нэмэгдэж байгаа гэнэ. Гэхдээ халдвар тархах замууд өөрчлөгдсөн гэдгийг батлах ямар ч баримт байхгүй хэмээн вирус судлаачид үзжээ.
3. Дархлаа хэр удаан хадгалагдах нь тодорхойгүй
Өнөөдрийн хувьд сайн мэдээ нь коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн бараг 95 хувьд нь саармагжуулагч эсрэг биет үүсч байгааг судалгаагаар тогтоожээ.
Вирус судлаач Полина Веттерийн өгүүлснээр, эсрэг биет хадгалагдах хугацаа нь өвчний хүндрэлээс ихээхэн хамаарах гэнэ. Коронавирусийн халдвар аваад эдгэрсний дараа дахин өвчилсөн тохиолдол дэлхий даяар цөөнгүй гарч байгаа юм. Эрдэмтдийн өгүүлснээр, давтан халдвар авахгүйн туулд хүний биед хичнээн хэмжээний эсрэг биет үүсэх ёстой гэдгийг хараахан тогтоож чадаагүй байгаа гэнэ.
4. Нас баралтын түвшин
Коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт өнөөдөр 0.5-1 хувийн хооронд хэлбэлзэж байгаа гэж Женевийн их сургуулийн Анагаах ухааны факультетын Эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Антуан Флао өгүүлжээ.
Нас баралт өвчтөний настай нягт холбоотой гэнэ.. 80-аас дээш настнуудын хувьд нас баралт 25-50 хувь байгаа нь ахмад настнуудад хүнд өвчин гэж тооцож болохоор. 50-70 насны хүмүүсийн хувьд нас баралт 10 хувьтай бөгөөд чихрийн шижин, даралт ихсэх, илүүдэл жин зэрэг хүчин зүйлс нь эрсдэл үүсгэж байгаа аж. Тавин нас хүртэлх хүмүүсийн дунд 1000 хүнд ноогдох нас баралт томууны үзүүлэлттэй ойрхон байгаа гэнэ. Харин 12 дугаар сард нийтлэгдсэн судалгаанаас харахад, коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн дунд нас баралт улирлын томуунаас үүдэлтэй нас баралтаас 10 дахин их байгаа юм байна.
Эндээс харахад хүүхэд, залуус хөнгөн тусна гэдэг нь мөн л эргэлзээтэй болж байгаа юм.
5. Ямар эмээр эмчлэх нь тодорхойгүй
Женевийн их сургуулийн эмнэлгүүдэд ДЭМБ-ын зөвлөснөөр коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд дексаметазон ашиглаж байгаа гэнэ. Биеийн байдал нь дунд эсвэл хүнд байгаа өвчтөнүүдэд энэ эм нас баралт, уушгины хиймэл амьсгалын аппаратад залгуулах эрсдлийг бууруулж байгаа нь харагджээ.
Олон улсын хэвлэлүүдээр ихээхэн гарч байгаа шимэгчийн эсрэг эм болох ивермектин, үрэвслийн эсрэг колхицин гэсэн эмнүүдийн тухайд эмнэлзүйн мэдээлэл нь хангалтгүй гэж вирус судлаач Каролина Самер өгүүлсэн байна.
6. Гэрийн тэжээмэл амьтад халдвар тараах эсэх нь тодорхойгүй
Нохой, муур, булга, бар, арслан, горилла гээд SARS-CoV-2 вирусийн халдвар илэрсэн амьтдын жагсаалт нэмэгдсээр л байна. Энэ нь хүнээс амьтанд халдварлаж байгааг харуулах ч эргээд халдвар авсан амьтдаас хүнд халдах эсэх нь эцэслэн тогтоогдоогүй.
7. Тахал яаж дуусах нь тодорхойгүй
Вирус судлаач Антуан Флаогийн үзэж байгаагаар "вирустэйгээ хамт амьдрах" стратеги нь зун гэхэд биднийг вирусийн идэвхтэй эргүүлэгт татан оруулах бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол халдварын нөхцөл байдал 2020 оны зургадугаар сарын түвшнээс ихээхэн давж, ноцтой дэгдэлтүүд гарах гэнэ.
Ийм аюул залуу хүн амыг илүүтэй бүрхэж, ингэснээр Европ стратегиа өөрчлөн, олон долоо хоногийн туршид халдваргүй бүс бий болгох зорилгоор шийдэмгий алхам хийсэн Азийн орнуудаас үлгэр жишээ авах хэрэгтэй болно гэж шинжээчид таамаглаж байна.
Харин Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Франсуа Баллу нөхцөл байдлыг арай өөдрөгөөр харж байгаа гэнэ.
"SARS-CoV-2 нь улирлын шинжтэй. Тиймээс хавар өвчлөл буурч, ирэх зун вакцины ачаар хүн ам дархлаатай болж дахин их хэмжээний давалгаа үүсэхээс сэргийлэх боломжтой гэж найдаж болно" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Гэхдээ түүний үзэж байгаагаар вирус нэг мөр арилахгүй, бид цаашид улирлын томуу шиг байнга нүүр тулж байдаг өвчин болно гэж генетик судлаач үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ