Өөртөө итгэлгүй хүмүүсийн гаргадаг АЛДААНУУД

Хүн бол нийгмийн амьтан. Тиймээс хувь хүн төлөвшихөд гол үүргийг нийгэм гүйцэтгэдэг гэсэн үг. Зарим тохиолдолд өөртөө итгэлгүй байх, бусадтай харилцахаас эмээх нь бусдыг ойлгох чадваргүй байдлаас үүдэлтэй байдаг. Ингээд өмнө нь гаргасан таагүй алхмаасаа болж хүмүүс өөрийгөө тусгаарлан, өөртөө итгэлгүй болж, хана босгох нь бий. Ийм хүмүүсийн гаргадаг түгээмэл алдааг сэтгэлзүйчид нэрлэжээ.
Ажил дээрээ үл анзаарагдам
Өөрийгөө доогуур үнэлдэг хүмүүс ажил дээрээ үл анзаарагдам байхын дээр санаачлагагүй нэгэн болж харагддаг. Тэр хамт ажиллагсадынхаа хүсэлтийг биелүүлж чаддаггүй. Түүнчлэн хэт улайрч ажиллах, карьер хөөцөлдөх нь ч өөртөө итгэлгүй хүмүүсийн шинж гэдгийг сэтгэлзүйчид онцолжээ. Ийм хүмүүс мэргэжлийн салбартаа өөрийгөө нээн харуулахын тулд нойр хоолгүй ажиллахад бэлэн байхын дээр магтаал урамшуулалд сэтгэл ханах гэж махардаг аж.
Кофеин болон амттаны хамааралтай
Хүмүүсийн хоолны зуршил түүний талаарх олон зүйлийг хэлж өгдөг. Кофе, бялуу хэт их хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэн улмаар сэтгэл тавгүйтүүлэх нөлөөтэй байдаг аж. Тиймээс амттанаас аль болох зайлсхийж, үүний оронд зөгийн бал, самар, цай уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
Олны дунд тавгүй байвал утсаа ширтдэг
Дассан хүрээллээсээ гарч, олны дунд үдшийг өнгөрөөнө гэдэг өөртөө итгэлгүй хүмүүст тун хүнд даваа. Тэд бусадтай яриа үүсгэж чадахгүй үедээ утсаа ширтэн, олон нийтийн сүлжээгээр хүмүүстэй чухал ажлаар ярилцаж буй дүр эсгэдэг. Үнэндээ хамт байгаа хүмүүстэйгээ яриа үүсгэж, "дундаа орж" чадахгүй хүмүүс л ийнхүү өөрийгөө "аврах"-ыг хичээдэг гэнэ. Аливаа арга хэмжээний үеэр утсаа ширтээд суух нь туйлын бүдүүлэгт тооцогддог бөгөөд эргэн тойронд чинь танихгүй хүмүүс байсан ч утсаа хойш тавьж, тэдний яриаг сонсохыг сэтгэлзүйчид зөвлөжээ.
Худалдан авалт хийх шийдвэр гаргаж чаддаггүй
Өөрийгөө үнэлэх чадвар нь туйлын доогоор бол шинэ эд зүйл худалдаж авахдаа өөрийн биш өрөөлийн бодолд л санаагаа зовоодог. Үүний оронд өөрт таалагдаж байгаа зүйлээ л зоригтой худалдан авахыг сэтгэлзүйчид зөвлөжээ.
Шийдвэрээ байнга өөрчилдөг
Өөртөө итгэлгүй хүмүүс үргэлж бусдын санаа бодолд хэт анхаардаг тул өдөр тутмын аахар шаахар асуудлаас эхлээд томоохон сонголт хийхдээ ч маш их цаг үрж, шийдвэр гаргахдаа байнга өөрчлөн, тээнэгэлздэг гэнэ.
Үргэлж хоцордог
Бусдын тав тухыг огт хайхардаггүй, зөвхөн өөрийгөө л үнэлдэг хэт өөртөө итгэлтэй хүмүүс л цаг барихгүй байх нь бий. Гэтэл эсрэгээрээ, өөртөө огт итгэлгүй хүмүүс илүүтэй хоцордог гэж сэтгэлзүйчид онцолжээ. Учир нь аливаа нэг цугларалт дээр очихдоо тэнд байх өөрийнөө оролцоог төдийлөн чухал биш гэж үзсэн хүмүүс өөрийг нь хоцорсон ч хэн ч анзаарахгүй гэж үздэг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ