А.Амбасэлмаа: Халдварын тархалт эрс нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит /2021.01.31/ мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗООНОЗ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн лабораториудад 11202 хүний сорьцонд PCR шинжилгээ хийхэд 37 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлын давтан шинжилгээ, сүүлд шинээр бүртгэгдэж байгаа голомтуудын хавьтлын шинжилгээнүүд, цэгээр шинжилгээ өгсөн зэрэг хүмүүсээс илэрсэн байна. Илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн, бусад аймагт өвчлөл бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод нийт 945 тохиолдол бүртгэгдлээ.
Дорнод аймагт ажил хийхээр явсан 12 хүнийг тухайн аймгийн товчоон дээр зогсоож түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарч PCR шинжилгээгээр халдвар батлагдсан. Тухайн иргэнийг аймагт нэвтрүүлэлгүй товчоон дээр илрүүлсэн. Хамт явсан болон тэнд тусгаарлагдсан 20 гаруй хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тухайн өвчтөнийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчирсан. Мөн өчигдөр "Өргөө" амаржих газарт PCR шинжилгээний хариу гарахаас өмнө нэг эмэгтэй амаржсан. Төрсний дараа онош батлагдаж, хариу эерэг гарсан. Өвчтөний биеийн байдал тогтворжихыг харж Нэгдүгээр төрх эмнэлэгийн тусгаарлах өрөөнд эмчилж байгаа. Эх, нярайн биеийн байдал сайн. Гэр бүлийн гурван, ойрын хавьтал болсон ээжүүд, эмч ажилчдыг тусгай байруудад тусгаарласан.

Ард иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай байдлаар өвчилсөн хүн явж байх өндөр магадлалтай болоод байна. Тиймээс олон нийт анхаарлаа улам нэмэгдүүлэхгүй бол тархах эрсдэл өндөр байгаа. Сүүлийн хоёр долоо хоногт халдварын тархалт эрс нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс ард иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах, иргэд өөрсдөө гадуур явахгүй байж гэр бүлээс тодорхой гишүүнийг хоол хүнсэндээ гаргах зэргээр гэр бүл дотроо зохион байгуулалт хийхийг ард иргэдээсээ хүсье" гэлээ.
Улсын хэмжээнд коронавирусийн нийт халдварын тоо 1779 боллоо. Халдвар авсан нийт иргэдийн 75 хувь нь буюу 1333 хүн эдгэрсэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, УНТЭ-т нийт 433 халдвар авсан иргэн эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд нэг, хүнд нэг, хүндэвтэр 65 хөнгөн 366 хүн байгаа.
ХӨСҮТ-ээс өнөөдөр 22 хүн эдгэрч, ХУД-ийн эмнэлэг рүү шилжсэн. ХУД-ийн эмнэлгээс 12 хүн эдгэрч гэртээ харьжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ