Мьянма улсын Ерөнхийлөгчийг барьж, саатуулжээ

img

Мьянма улсад төрийн эргэлт гарч байж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч тус улсын өндөр албан тушаалтнуудыг барьж, саатуулсан нь тодорхой болсон байна. 

 

Мьянмад тус улсын Ерөнхийлөгч Вин Мьин, эрх баригч "Ардчиллын төлөөх үндэсний лиг" намын тэргүүн, төрийн зөвлөх, Гадаад хэргийн сайд Аун Сан Су Жи болон намын бусад өндөр албан тушаалын төлөөлөгчдийгр баривчлан саатуулсан талаар Вести агентлаг мэдээллээ. Гэвч тэднийг хэн саатуулан, хорьж байгаа талаар мэдээлэл гараагүй байна. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, парламентын сонгуулийн үр дүнд сөрөг хүчнийхэн сэтгэл дундуур байгаагаас үүдэлтэй өнөөгийн улс төрийн хямралыг даван туулахад чиглэгдсэн Мьянмагийн Засгийн газар болон зэвсэгт хүчний төлөөлөгчдийн уулзалт өнгөрсөн баасан гарагт болжээ. Цэргийнхэн сонгуулийн дүнг луйвардсан хэмээн үзэж байгаа бөгөөд санал тооллогын дүнг шалгахгүй бол төрийн эргэлт гаргахыг үгүйсгээгүй гэнэ. Гэхдээ үүний дараахан цэргийнхний хэлсэн үгийг  "цэргийн эргэлт гарч болзошгүй" гэж буруу тайлбарлан дамжуулсан талаарх мэдээлэл Мьянмагийн хэвлэлүүдээр гарч байжээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр Мьянмад парламентын сонгууль болж өнгөрсөн юм. Сонгуульд "Ардчиллын төлөөх үндэсний лиг" эрх баригч нам ялалт байгуулсан бол цэргийнхний дэмжлэгтэй Эв нэгдэл, холбооны хөгжлийн нам парламентад тун цөөн суудал авсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ